Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон хүн осолдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолдсон юм.

Эрлийн бүлэг дөрөвдүгээр сарын 22-нд 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай нярай, 16:30 цагт Т 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гаргасан. Мөн 23-ны өдөр 38 настай, эмэгтэй У-гийн цогцсыг олсон.

Харин 8, 32 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нарын цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан юм. Улмаар иргэний өгсөн дуудлагын дагуу зургадугаар сарын 3-ны өдрийн 21:40 цагт “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр буюу осолдсон газраас 43 км-ын зайтай газраас 32 настай, эмэгтэй У-гийн цогцсыг олж Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

8 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нарын цогцос олдоогүй хэвээр байгаа аж.