Монгол улсын Ерөнхийлөгчийн Сонгууль болоход 3 хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор СЕХ-оос сонгуулийн автоматжуулсан системийн туршилтын талаар мэдэгдэл хийлээ.
Техник үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батсайхан, “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 29.1-д зааснаар сонгуульд ашиглагдаж байгаа програм хангамж, техник хэрэгслийг урьдчилан шалган туршихгүйгээр ашиглахыг хориглоно гэж заасан байдаг. Тэгээд энэ дагуу өнөөдөр /2021.06.05/ шалгаж байна. Улсын хэмжээнд 2087 санал тоолох бүх хэсэгт өгөгдөл дамжуулах туршилтын үйл ажиллагаа явагдаж байна. Санал тоолох төхөөрөмжийг бид гурван шат дамжлагаар бэлддэг. Эхлээд техникийн шалгалт хийнэ. Хоёрдугаарт, Логик нарийвчилсан тест хийдэг. Үүгээр тэнцсэн төхөөрөмжүүдийг бид гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг нэг бүрчлэн шалгаад, шалган туршсан гэрчилгээ олгодог. Гэрчилгээ олгосон тоног төхөөрөмжүүдийг 21 аймаг, есөн дүүрэгт түгээдэг. 21 аймгийн төхөөрөмжийг цагдаагийн хамгаалалтын дор аймгийн төв рүү, айммгийн төвөөс сум руу, сумаас баг руу түгээдэг. Санал тоолох бүх төхөөрөмжүүд санал тоолох хэсгүүддээ очсон гэсэн үг. Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд санал тоолох 2682 төхөөрөмж ажиллана. 1700-гаас дээш сонгогчтой хэсгийн хороонд санал тоолох хоёр төхөөрөмж ажиллуулж байгаа. Мөн ажлын байранд очсон төхөөрөмжийг ажиллуулах мэдээлэл дамжуулах даамал гэж бий. Мэдээлэл дамжуулах даамал саналын хуудсын дүн дамжуулж шалгадаг. Тухайн төхөөрөмжийг унагаж доргиосон уу? Ус чийг орсон уу? Ямар нэг механик гэмтэл байна уу? Саналын хуудсыг уншиж байна уу? гэх мэтээр бүгдийг шалгаж, дүнгээ дамжуулдаг” гэлээ.