Өнгөрсөн бямба гаригт /2021.06.05/ Сүхбаатарын талбайд “УУЛЗААГҮЙ” фото зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн.
Коронавирусийн халдвартай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сараас Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн шийдвэрүүд хүний эрхийг зөрчиж, хохироож ирсэн гунигт түүхийг та бүхэн уг үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудаас эргэн санах болно.
Улсын онцгой комиссын сүржин, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй, хүнд сурталдсан шийдвэрээс болж олон хүн хайртай хүмүүстэйгээ уулзаж чадалгүй хорвоог орхисон байдаг. Тэдний ар гэрийнхэн одоо ч гашуудал, гомдол тээсээр яваагаа илэрхийлжээ. Эмнэлгийн тусламж авч чадалгүй 22-ын товчоонд нас барсан эгч, Солонгосоос ирээд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаж чадалгүй хорвоог орхисон Б.Мөнхтуяа бүсгүй, гадаадад байхдаа аав, ээж хоёроо алдсан эгч гээд олон хүний гунигт түүхийг бид мэднэ. Тэд бүгд ар, гэрийнхэнтэйгээ уулзаж чадаагүй билээ.