Сонгуулийн дараа МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛӨХ үү

Сонгуулийн дараа МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛӨХ үү

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бодлогын халз мэтгэлцээн өчигдөр /2021.06.07/ 17.00 цагт товлогдсон байсан ч цуцлагдсан. Ингэхдээ ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг коронавирусийн халдвар авсан гэдгээр “шалтаглачих" шиг болсон. Угтаа бол 2.30 минутын турш үргэлжилж

  1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
  2. Батлан хамгаалах,
  3. Гадаад бодлого,
  4. Шүүх засаглал,
  5. Эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн чиглэлээр нэр дэвшигчид мэтгэлцэхээр тохироод байв.

Мэтгэлцээнийг зохион байгуулж, шууд дамжуулах үүрэгтэй МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар өчигдөр хэвлэлийнхнийг цуглуулан бөөн оршил ярьж, зовлонгоо тоочсоны дараа “Нэр дэвшигчдийн сонгуулийн менежерүүдтэй уулзсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Цахимаар мэтгэлцээн явуулах нь телевизийн эфирт тохирохгүй. Мөн тэгш эрхийг хангаж чадахгүй. Хоёр нь студид, нэг нь цахимаар оролцохоор тэгш эрх зөрчигдөнө. Улс төрийн мэтгэлцээнийг хийхдээ нүүр, нүүрээ хараад халз мэтгэлцэх шаардлагатай" гэсэн. 

Ингэснээр иргэдийн хүлээсэн МЭТГЭЛЦЭЭН цуцлагдсан юм. Иргэдийн хувьд мэтгэлцээн үзэж сонголтоо хийдэг нь бодитой. Гэтэл тэдний мэдэх эрх ийнхүү зөрчигдөв. МҮОНРТ нь улсын төсөв, иргэдийн хураамжаар санхүүждэг байж эргээд эрхийг хангаж чадаагүй нь энэ юм. Өнөөдөр технологийн эрин үе, сонгуулийг цахимаар болон бусад хэлбэрээр зохион байгуулах боломж үй олон. 

Гэтэл арга, гарцгүй хэмээн гомдоллож дөрвөн жилд ганцхан удаа явагддаг мэтгэлцээнийг цуцалж буй нь тус байгууллагын удирдлагуудын чадваргүй, чадамжгүйг илтгэж байна. Тус байгууллагын удирдлагуудын гаргасан дээрх шийдвэрээс болж МАН болон нэр дэвшигч У.Хүрэлсүх хөлд нь чирэгдэж  муу нэр, муухай хоч зүүв. Учир нь У.Хүрэлсүхийг мэтгэлцэхээс эмээсэндээ захиалга өгч зогсоолоо гэх хардлага олон нийтийн дунд байна. 

МҮОНРТ-ийн удирдлагууд шийдэл гаргаж мэтгэлцээнийг зохион байгуулж чадаагүй нь эрх баригч намын нэр хүндийг тэр дундаа эмзэг цаг үе нэр дэвшигчийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн учир тус байгууллагын ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндөхөд хүргэсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН дотор энэ тухай ярьж эхэлсэн бөгөөд А.Бүрэнбаатарыг огцруулахыг зарим гишүүд нь ятгаж яваа сурагтай.  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд энэ тухай хов хүрч, сонгуулийн дараа ярина гэх шийдэлд хүрсэн ч гэх мэдээлэл байгаа юм.