"Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл"-д С.Чулуун, Д.Өлзийбаатар нар багтсаныг ТҮҮХЧИД эсэргүүцлээ

"Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл"-д С.Чулуун, Д.Өлзийбаатар нар багтсаныг ТҮҮХЧИД эсэргүүцлээ

Боловсрол, Шинжлэх ухааны сайд 2021 оны 3-р сарын 18-ны өдөр “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг баталжээ. Түүнчлэн уг шийдвэрийнхээ дагуу 5-р сарын 17-ны өдөр А/181 дугаар тушаал гарган “өндөр ёс зүйтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдээс бүрдсэн” хамгаалуулах зөвлөлийг томилсон байдаг.

Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Чингис хаан музейн захирал С.Чулуун, Д.Өлзийбаатар нар багтсан байна. Тэгвэл МУИС-ийн түүхийн тэнхимийн багш Д.Анхбаяр тэргүүтэй түүхчид уг зөвлөлөөс тэднийг хасахыг шаардаж БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлсэн байна.

Энэ талаар МУИС-ийн түүхийн тэнхмийн Д.Анхбаяр багш “С.Чулуун нь

  • Үндэсний архивын Манжийн үеийн толгой фонд болох М1-ийг буюу бүхэл бүтэн 640 мянган хуудас түүхийн баримт болон хятад хэлээрх бүх баримт болох М22-ыг хятадуудад сканердаж өгсөн,
  • Үндэсний номын сангийн гар бичмэлийн фондод буй Өндөр гэгээний намтар судруудыг мөн Хятадад гаргаж, шанд нь "Хоймрыг мандуулагч эрдэмтэн-Син Ао" цол шагнагдсан,
  • Монгол хэлийг Хятадын цөөн тоот үндэстний хэл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч дурдсан номдоо тусгасан; бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэж Академич хэргэмд хүрсэн.

Түүнчлэн Архивын Ерөнхий газарт хүргэнийхээ компаниар дамжуулан өндөр үнэтэй компьютер шахаж улсыг хохироосон нь нэгэнт тогтоогдон боловч өршөөлд хамрагдан мултарсан түүхч Д.Өлзийбаатар нарын зэрэг хүмүүс уг зөвлөлд багтсаныг эсэргүүцэн өргөх бичиг сайдад илгээв. Хэлсээр, сануулсаар байтал ийм хүмүүсийг хамгаалуулах зөвлөлд оруулсанд харамсаж байна. Тэднийг "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл"-өөс хастал бүх талаар тэмцэхээ үүгээр хатуу мэдэгдье" гэлээ.