Хүүхдийн КОВИДЫН өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцлаа

Хүүхдийн КОВИДЫН өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцлаа

Засгийн газраас ЕБС-ийн танхимын хичээлийг наймдугаар сарын 15-аас эхлүүлнэ гэж төлөвлөж буй. Гэвч сүүлийн үед халдварын тархалт эрчимжихийн сацуу хүүхдийн ковидын өвчлөл ч нэмэгдэж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Иймээс бид хүүхдүүд чухам ямар замаар халдвар авч буй, мөн ямар шинж тэмдэг илэрч, ямар тохиолдолд биеийн байдал нь хүндэрч буй талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцлаа. Түүний хувьд халдварын тохиолдол ихээр бүртгэгдэж буй орон нутгуудад одоо ажиллаж байгаа юм.

-КОВИДООР ӨВЧИЛСӨН ХҮҮХДҮҮДЭД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ АДИЛ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА-

-Сүүлийн үед хүүхдийн ковидын өвчлөл нэмэгдэх боллоо. Ер нь одоо улсын хэмжээнд хүүхдийн халдварын нөхцөл байдал хэр байна вэ?

-Улсын хэмжээнд гуравдугаар сарын эхээр нийт ковидын өвчлөлийн ойролцоогоор 20 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байсан бол сүүлийн үеийн байдлаар 27,28 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй насны бүлэг болох хүүхдүүдийн өвчлөл илүү нэмэгдэж буй дүр зураг харагдаж байна. Гэхдээ огцом бус, аажмаар нэмэгдэж байгаа нь график мэдээллээс харагдаж байна.

-Хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс үүдэлтэй орон нутгийн халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өчигдөр гэхэд л Орхон аймагт бүртгэгдсэн 63 тохиолдлын 33 нь хүүхэд байсан гэсэн мэдээллийг бид авсан. Та одоо аймгуудад ажиллаж байна. Ер нь орон нутагт хүүхдийн халдварын нөхцөл байдал ямар байна?

-Хүүхдийн өвчлөлийн байдлыг аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхан “цаг агаар дулаарч, хүүхдүүдийн амралт эхэлсэнтэй холбоотой нэмэгдсэн” гэж тайлбарлаж байна. Орхон аймгийн хувьд гэхэд л өнөөдөр ковидоор өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 30 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байгаа юм/Орхонд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1096/. Энэ мэт эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдийн халдварын байдал өмнөх үетэй харьцуулбал тодорхой хэмжээгээр нэмэгдэж эхэлж байна.  

-Хүүхдүүдэд яг ямар шинж тэмдэг илрээд байгаа юм бэ. Насанд хүрэгчидтэй адил шинж тэмдэг илрэх тохиолдол хэр ажиглагдаж байна? 

-Ерөнхийдөө шинж тэмдгийн хувьд насанд хүрэгчидтэй ижилхэн байгаа. 2020 оны 12 дугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сарын эхэн хүртэл ковидоор өвчилсөн 214 хүүхдэд хийсэн судалгаагаар хоолой өвдөх шинж тэмдэг хамгийн их илэрсэн. Мөн толгой өвдөх, нус гоожих, ядрах, амтлах, үнэрлэх мэдрэхүй алдагдах гэсэн шинж тэмдгүүд түгээмэл илэрсэн байгаа юм. Эндээс харахад насанд хүрсэн хүнтэй адилхан эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Өөр өвөрмөцөөр илэрч буй шинж тэмдэг харьцангуй бага байна гэсэн үг.

-Архаг, суурь өвчтэй болон өндөр настай иргэд ковид авахад хүндрэх магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Халдвар авсан хүүхдүүдийн хувьд хүндрэх тохиолдол хэр байна вэ?

-Хүндрэлийн байдлын судалгааг бид мөн сая дурдсан 214 хүүхдэд хийж үзсэн. Ингэхэд нас нэмэгдэх тусам хүндэвтэр болон хүнд хүүхдүүдийн тоо ялимгүй нэмэгдэж буй дүр зураг ажиглагдсан. Тухайлбал,

  • 0-4 настай хүүхдүүдийн 98 хувь нь хөнгөн өвчилсөн
  • 5-12 настай хүүхдүүдийн 95 орчим хувь нь хөнгөн өвчилсөн байдалтай байгаа бол
  • 13-17 настай хүүхдүүдийн 87 орчим хувь нь хөнгөн, үлдсэн хувийг хүнд болон хүндэвтэр хүүхдүүд эзэлсэн байдалтай байсан. Тэгэхээр хүүхдийн нас нэмэгдэх тусам хүнд, болон хүндэвтэр эмнэл зүйн шинж тэмдэг илүү ажиглагдаж байгаа нь үүнээс харагдаж байна.

-0-5 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ХАЛДВАР АВАХ ХАМГИЙН ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ ЭХ УУРХАЙ НЬ ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ БАЙДАГ-

-Халдвар хүндрэхэд тухайн хүүхдийн суурь өвчин нөлөөлж байв уу. Тухайлбал, астматай хүүхэд илүү хүндээр өвчлөх магадлалтай гэсэн “явган” яриа иргэдийн дунд байсан?

-Яг астматай хүүхдүүд хүндэрч байна гэсэн зүйл бол байхгүй. Тодорхой хэмжээгээр суурь эмгэг нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Бид  одоо зөвхөн хүүхэд гэлтгүй бүх бүртгэгдсэн халдварын тохиолдлын дунд судалгаа хийж байгаа. Уг судалгаагаар насанд хүрэгчид болон хүүхдүүдийн өвчлөлд архаг суурь өвчин адил нөлөөлж байна уу, биеийн байдал хүндрэхэд юу нөлөөлж байна гэх мэт зүйлс тодорхой болно. Ер нь олон улсын судалгаануудаас харахад халдвар авсан хүүхдүүд ихэвчлэн шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Гэхдээ цөөн тохиолдолд хүндэрдэг. Ингэхдээ олон эрхтэн системийг хамарсан дутагдал гэсэн хам шинжээр хүндэрч буйг онцолж байна. Бүр ийм  нэршил бий болсон. Бидний хийж буй судалгаа ч мөн энэ чиглэлийг хамарч байгаа.

-200 гаруй хүүхдэд судалгаа хийж байгаа гэж байна. Хүүхэд яг ямар замаар халдвар авч байгааг уг судалгаагаар тогтоох боломжтой юу. Эцэг эхчүүд нь халдвар авч дамжуулаад байна уу. Нэг хэсэг хүүхдүүд тоглоомын талбайгаас халдвар аваад байна гэсэн яриа гарч эхэлсэн шүү дээ?

-Бидний хийж буй судалгаа бол эмнэл зүйн судалгаа. Халдварын эх уурхайг хавьтагч буюу ээж, аав эсвэл ах, эгч нь байсан уу гэдэг ангиллаар тодруулна гэсэн үг. Тэрнээс биш хүүхдээс тоглоомын талбайд хэр давтамжтай тоглодог, нууц үеийг нь тооцоод халдварын эхэн үед тоглоомын талбайд тоглож байсан уу, найз нөхөдтэйгөө уулзсан уу гэх мэт яг тархвар судлалын тусгай асуумжаар аваагүй. Ер нь 0-5 насны хүүхдүүдийн халдвар авах хамгийн өндөр магадлалтай эх уурхай нь эцэг эх, асран хамгаалагч байдаг. Энэ насны бүлгийн онцлог нь хооллох, ундлах, унтуулах гэх мэт бүх асаргааг ээж, аав,  ах, эгч нь хийдэг. Тэгэхээр тэр хүмүүс нь халдвартай байгаа тохиолдолд хүүхдэд дамжуулах маш өндөр магадлалтай.

Гэр бүл доторх “халдварын дайралтын түвшин” гэдэг ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн гэр бүлийн нэг гишүүн халдвар авлаа гэж бодоход хэдэн хүнд дамжуулах магадлалтай вэ гэдгийг илэрхийлсэн тоо. Олон улсад гэр бүлийн хүрээнд 40 хувь байдаг. Тухайлбал, дөрвөн ам бүлтэй гэр бүл байлаа гэж бодоход 1,6 нь буюу хоёр нь өвдөх магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ энэ нь манай улсын хувьд арай өвөрмөц онцлогтой байх боломжтой. Яагаад гэвэл Монголчууд тус тусдаа өрөөнд биш нэг гэрт амьдардаг, орон сууц, байшинд амьдардаг байлаа гэхэд нэг өрөөнд олуулаа байдаг гэх мэт хоорондын контакт ихтэй учраас дайралтын түвшин өндөр буюу 60 орчим хувь байна гэж таамаглаж байгаа. Гэхдээ гэр бүлийн онцлогоос, тухайн халдвар авсан хүн хэр зэрэг шинж тэмдэгтэй байсан гэх мэт зүйлсээс хамаарч дайралтын түвшин хэлбэлздэг.

-Хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс гэртээ тусгаарлагдаж, гэрийн нөхцөлд эмчээс зөвлөгөө аван өөрийгөө эмчилж байгаа шүү дээ. Хүүхдийн хувьд заавал эмнэлэгт хэвтэх шаардлагатай юу. Хөнгөн хэлбэрээр өвдсөн бол гэртээ тусгаарлагдаж, эмчлүүлж болох уу?

-Болно. Хөнгөн өвдсөн бол заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Тухайн хүнийг эмнэлэгт хэвтэх эсэхийг эмч мэргэжилтнүүд үнэлдэг. Хэрэв хүүхэд хөнгөн байвал тодорхой заавар, зөвлөгөө өгөөд явна. Мөн өөрсдийнх нь саналыг харгалзаж үзнэ. Зарим эцэг, эхийн хувьд “хүүхэд маань хөнгөн өвдсөн учраас гэртээ эмчилье, хүндэрвэл эмнэлэгт хандъя” гэдэг байдлаар ханддаг. Гэхдээ эмч хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж үзвэл, мөн тухайн хүүхэд өндөр халуурч, шинж тэмдэг тодоор илэрч байвал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

-ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ ҮРГЭЛЖИЛЖ, ТАРХАЛТ БУУХГҮЙ ГЭДЭГ ДҮР ЗУРАГ АЖИГЛАГДАЖ БАЙНА-

-Гэрээр хүүхдээ эмчилж байгаа тохиолдолд ямар эмчилгээ хийх шаардлагатай вэ. Насанд хүрэгчдэд “арбидол”, өндөр тунтай витамин Д, болон 1000-тай С уухыг зөвлөдөг шүү дээ. Хүүхдэд адилхан уу?

-Эмнэл зүйн, тусламж үйлчилгээ, эмчилгээний хувьд би тодорхой мэдээлэл өгч чадахгүй. Очиж буй эмч тухайн хүүхдийн биеийн байдлыг үнэлж, гэрээр ямар эм уух, ямар эмчилгээ хийх зөвлөгөө, зааврыг өгөөд явж байгаа. Тэгэхээр тухайн эмчээсээ сайн асууж, зөвлөх хэрэгтэй. Мэдээж хүүхдийн насны онцлог, биеийн байдлыг хамааран эмчилгээ бичиж өгнө.

-Та ямар аймгуудад ажиллав. Өвчлөл их бүртгэгдэж буй аймгуудад очиж ажиллаж байна гэж дууллаа?

-Бид бүс нутагтаа халдварын тархалт хамгийн өндөр гурван аймагт ажиллах төлөвлөгөөтэй гарсан. Эхний өдрүүдэд Дархан-Уул аймагт ажилласан бол дараа нь Булганд, өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Бидний зорилго бол эмнэлгийн байгууллагуудын хариу арга хэмжээ, тандалтын ажил ямар түвшинд явагдаж байна, мөн бусад салбарын үйл ажиллагаа хэрхэн уялдаа холбоотой байгааг газар дээрээс нь харж, тулгамдаж буй асуудлуудыг цаашдаа хэрхэн шийдвэрлэх, хэрхэн үйл ажиллагаагаа сайжруулах талаар хэлэлцэж, санал боловсруулах юм.

- Дархан-Уул, Булган аймагт хүүхдийн халдварын байдал хэр байна вэ?

-Булганд хүүхдийн халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж буйг эмч нар хэлж байлаа. Орхон аймгийн хувьд Бүсийн оношилгооны төвтэй учраас Булган, Сэлэнгэ гэх мэт хөрш зэргэлдээ аймгуудаас хүмүүс ирж эмчилгээ, үйлчилгээ авдаг. Тэр утгаараа бүх тусламж үйлчилгээний ачааллыг үүрч байна.

-Та халдварын голомтод ажиллаж байна. Эцэг эхчүүд хүүхдээ халдвараас хэрхэн сэргийлэх вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч? 

-Биеэ даасан, том хүүхдүүддээ гадуур гарахдаа халдвар хамгааллын дэглэмийг ягштал барих ёстой гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Амны хаалт зүүх, гадаа тоглож байгаад орж ирж байгаа бол гарын ариун цэврийг сайтар сахих, мөн олон хүн цугласан газруудад аль болох очихгүй байхыг сайн хэлж өгөх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай сургалт, дугуйлан гэх мэт зүйлсэд явах бол мөн дэглэмээ сайтар барихыг хэлж ойлгуулаарай. Харин бага насны хүүхдүүд асаргаанд байдаг учраас эцэг, эхчүүд нь өөрсдөө халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар мөрдөхөөс өөр аргагүй. 

-Ковидын халдвар авч эдгэрсний дараа хүүхдийн биед ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байна уу. Тухайлбал, ковид туссаны дараа уушги гэмтдэг гэж ярьдаг?

-Сүүлийн үед ковид туссан хүмүүст эдгэрсний дараа удаан хугацаанд тодорхой шинж тэмдгүүд илэрч байгаа талаар дэлхий нийтээр ярьж байна. Үүнийг мөн олон улсын эрдэмтэд судалж “long covid” гэж нэрлэх болсон.  Бид ч судалж байгаа. Өчигдөр Булган аймагт эмчлэгдээд гарсан хэдий ч сар гаруй хугацаанд амьсгалын дутагдал үргэлжилсэн хоёр тохиолдол гарсан талаар эмч нар хэлж байсан.

-Одоо наймдугаар сарын 15-нд танхимын хичээл эхлэх гэж байна. Энэ үед томуугийн улирал ч давхацдаг. Тэгэхээр халдвар бүр нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Таны хувьд мэргэжилтэн хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Нөхцөл байдал сайн биш байна. Хөл хорионы дараа хөдөлгөөн сүүлийн хоёр жилд байгаагүй хэмжээнд буюу 115 хувь хүртэл нэмэгдсэн. Үүнд сонгууль гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлсөн. Хөдөлгөөн нэмэгдэх тусам халдварын тархалт нэмэгдэх хандлагатай болдог. Зуны улирал эхэлж, хүмүүсийн амралт зугаалга нэмэгдсэн учраас цаашдаа ч мөн халдвар нэмэгдэх эрсдэлтэй байна. Мөн наадам тэмдэглэнэ гэж байна. Энэ болгонд хүмүүсийн нягтралын үүсгэж, хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Наадмын дараа хүүхдүүдийн танхимын хичээл эхэлнэ. Сургууль соёл эхлэх үед хүмүүсийн хөдөлгөөн ч нэмэгдэж, хүүхдүүдийн нягтаршил ч бий болно. Тэгэхээр халдварын эрсдэл үргэлжилж, тархалт буухгүй гэдэг дүр зураг харагдаж байна. Дээрээс нь ДЭМБ энэ жил томуугийн халдвар гарах эрсдэл байгаа, хэрэв ковидтой хавсарвал нөхцөл байдал улам хүнд байдалд шилжинэ гэж сануулж байгаа. Бид ч хариу арга хэмжээгээ төлөвлөж, бэлдэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.