ЦЕГ: Зөвшөөрөлгүйгээр дуут дохио ашигласан иргэн цагдаагийн алба хаагч биш

ЦЕГ: Зөвшөөрөлгүйгээр дуут дохио ашигласан иргэн цагдаагийн алба хаагч биш

Өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн хэмээн танилцуулж шаардлага тавьж буй залуугийн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-аас энэ хэрэгтэй холбогдуулан залруулга гаргажээ.

ЗАЛРУУЛГА:

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө хууль зүй яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны автомашинтай явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан үйлдэлд Тээврийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Мөн тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Тухайн иргэний гаргасан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттаар торгоно хэмээжээ.