У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ 11.40 цагт тангарагаа өргөнө. Тэрбээр ажлаа хүлээж авсан даруйдаа эхний зарлигаа гаргаж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэргийг томилох юм.
Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатарыг томилох талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаярыг томилох нь тодорхой болжээ.
Ж.Энхбаяр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асууудал. Тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч анхны зарлигаараа Тамгын газрын дарга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг томилдог. Тэгэхээр энэ бол миний хэрийн асуудал биш. Хэрэв санал тавибал та хүлээж авна” гэсэн юм.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар А.Үйлстөгөлдөрийг томилох юм байна. Тэрбээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад хэвлэл, олон нийт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ө.Золжаргал томилогдохоор болжээ. Тэрбээр мөн л өмнө нь У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан.