Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД:
“Монгол Улсын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа
Хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ болоод байна. КОВИД-19-ийг ялан дийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг томоохон сорилтуудыг ирэх сар, жилүүдэд даван туулах шаардлага манай хоёр улсад тулгарч байгаа бөгөөд эдгээр тулгамдсан асуудалд анхаарал хандуулан, Тантай хамтран ажиллах болсондоо миний бие баяртай байна.
Өнгөрсөн жилийн нөхцөл байдал амаргүй байсан ч манай хоёр улс стратегийн түншийн хувьд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Үүнд ирэх арван жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Мянганы Сорилтын Сангийн усны төсөл зэрэг түүхэн төслүүд орж байна.
Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье. АНУ болон Монголын цэргүүд 18 жилийн турш Афганистан улсад мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тус улс дахь ажиллагаа дуусгавар болж буй энэ үед бид хамтрагчийн хувьд үйл ажиллагаагаа өндөрлөж байна.
АНУ – Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 34 жил болсныг тэмдэглэхийн ялдамд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харахад бахархалтай байна. Ирээдүйгээ харан, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно.
Хүндэтгэсэн,
Ж.Р.Байден” гэжээ.
Эх сурвалж: President.mn