Архангайн Засаг дарга Д.Золжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх үү

Архангайн Засаг дарга Д.Золжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх үү

2020 оны ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам Архангай аймагт ялалт байгуулсан. Тодруулбал, ИТХ-д Ардчилсан нам 20, МАН 19 суудал авсан юм. Үүний үр дүнгээр Д.Золжаргалыг тус аймгийн Засаг даргаар томилсон юм. Тэрбээр С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар ажиллаж байхад ажлын албаны даргаар ажиллаж байв. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Золжаргалыг огцруулахаар бэлтгэж эхэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Түүнийг коронавирусын цар тахлын үед идэвх, санаачилгагүй ажилласан гэж үзэж буй бололтой. Өнгөрсөн нэгдүгээр сард  Архангайгаас ирсэн иргэн 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах үеэр тэрбээр шөнө утсаа аваагүй гэх хэл аманд орсон. Тухайн үед талийгаачаас гадна Архангайн олон иргэн 22-ын товчоогоор нэвтэрч чадахгүй хонож улмаар Засаг дарга Д.Золжаргал руу гаа залгахад утсаа аваагүй гэсэн юм. 

Мөн сүүлийн үед Архангайд бүртгэгдсэн халдварын тоо нэмэгдэж үүнийг багасгах чиглэлд дорвитой арга хэмжээ аваагүйн аж, ахуй нэгжүүд ажиллахаар бэлтгэж байх үеэр хатуу хөл, хорио тогтоож мөн иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Энэ мэт зүйлүүд түүнийг албан тушаалаас нь огцруулахад нөлөөлж буй бололтой. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн сард Улсын онцгой комиссын Шуурхай штабын хуралдааны үеэр хоттой ойр мөртлөө вакцинжуулалтын ажлыг тааруу хийж буй Засаг даргатай хариуцлага тооцохоос өөр аргагүй гэж мэдэгдэж байсан. 

Аймаг, нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хуулиараа тухайн орон нутгийн ИТХ-ээр хэлэлцүүлдэг ч ажлын хариуцлага алдсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх боломжтой юм. Архангайн Засаг даргаас гадна Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарын албан тушаалын асуудал мөн хөндөгдөж магадгүй аж.