Олимпийн наадмын нээлт болох цэнгэлдэхэд хүчингийн хэрэг гарчээ

Олимпийн наадмын нээлт болох цэнгэлдэхэд хүчингийн хэрэг гарчээ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпын наадам Токио хотод энэ Баасан /2021-07-23/ гарагт эхэлнэ. Токио 2020 наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уг наадмын нээлт болох Үндэсний Стадионд хүчингийн хэрэг гарсан байна.

Тэгвэл энэ хэргийн сэжигтэн болох Узбекистанаас ирсэн 30 настай оюутан залууг Ням гарагт /2021-07-18/ цагдаа нар баривчилсан байна. Тэрээр өнгөрсөн баасан гарагийн /2021-07-16/ орой стадионд нээлтийн бэлтгэлийг үзсэнийхээ дараа үзэгчдийн суудалд 20 гаруй насны япон эмэгтэйг хүчиндсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн, хохирогч хоер хоёул олимпын наадмын зохион байгуулалтад оролцож буй гэрээт ажилчид байжээ. Тэд стадионд өөр өөрийн ажлаа дуусгасны дараа үргэлжлүүлэн нээлтийн бэлтгэлийг үзэж сонирхсон гэжээ. Сэжигтэн эрэгтэй стадионд ажиллаж буй хэвлэл мэдээллийнхэнд хоол хүргэж ирсэн байна. Хохирогч эмэгтэй хэргийн талаар Бямба гарагт цагдаад мэдэгдсэн байна.

Харин сэжигтэн өөрийгөө буруугүй, эмэгтэйг эсэргүүцэл үзүүлээгүй гэж цагдаад мэдүүлснийг NHK суваг мэдээлжээ. Мөн түүнийг 2014 онд Айчи мужийн нэгэн их сургуульд суралцахаар Японд ирсэн, одоогоор сургуулиасаа завсардаад байгааг Токио хотын цагдаагийн газар мэдээлсэн байна. Энэ долоо хоногийн Баасан гарагт /2021-07-23/ 68 мянган хүний суудалтай үндэсний стадионд болох нээлтийн ажиллагаа ганц ч үзэгчгүй зохион байгуулагдана.

Эх сурвалж: AFP