Б.Жавхлан: Энэ оны эхний улиралд эдийн засаг 15 хувиар өссөн. Оны эцэст 6,5 хувиийн өсөлтөд хүрэх боломжтой

Б.Жавхлан: Энэ оны эхний улиралд эдийн засаг 15 хувиар өссөн. Оны эцэст 6,5 хувиийн өсөлтөд хүрэх боломжтой

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эдийн засгийн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрбээр  “Ипотекийн зээлд 512 тэрбум төгрөг олгоод байна.Үүний нөлөөгөөр Барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж байна.

Эхний улиралд манай улсын эдийн засаг 15 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Энэ нь 2019 онтой харьцуулахад 3 хувийн өсөлттэй гэсэн үг. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна.

Гэвч бидэнд эрсдэл байна. Замын-Үүдэд гарсан гацааны улмаас нүүрс тээвэр ихээхэн доголдсон. Энэ нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Гашуун Сухайт дахь жолооч нарыг  урд хилээр цаашид гаргахгүй. Шинэ терминал барих ажил эхэлсэн. Наадмын амралтаар ч зогсоолгүй үргэлжлүүлж байна.

Бусад орны Засгийн газрууд хөрөнгийн зах зээлээ дэмжсээр байна. Мөнгөний нийлүүлэлт олон оронд нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлттэй хамт инфляц АНУ, Европт ажиглагдаж эхэллээ. Иймд инфляцын эсрэг мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ Төв банкууд мэдээлж эхэллээ. Манай улсад инфляц 7 хувь байна. Төв банк энэ онд инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байна” гэв.