ТОДРУУЛГА: Хаалгаа мөргүүлсэн “Аэро Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-д жижиг завсар хийлгээд буцаж ирнэ

ТОДРУУЛГА: Хаалгаа мөргүүлсэн “Аэро Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-д жижиг завсар хийлгээд буцаж ирнэ

Уржигдар /2021.07.19/ Улаанбаатар-Туркийн чиглэлд ниссэн “Аэро Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-ын Челябинск хотын нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь “зорчигч буулгах зориулалттай шаттай автомашин” тус онгоцны хаалгыг мөргөсөн талаар бид мэдээлсэн.

Харин Гадаад харилцааны яамнаас “тус хөлөгт зорчиж явсан 131 иргэнийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтран зөвшилцсөний үүднээс ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулсан. МИАТ компанийн онгоцоор зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн тээвэрлэхээр болсон” гэж өчигдөр /2021.07.20/ орой мэдэгдсэн билээ.

Тэгвэл хэрэг явдал одоо юу болж байгаа, мөн “Аэро Монголиа” ХХК-ийн"A319" маркийн онгоц хэр хэмжээний хохирол учирсан талаар эх сурвалжаас тодруулахад, “МИАТ компаниас онгоц хөлслөөд зорчигчдоо Туркийн  Анталъя хотод хүргээд, тус улсаас Монголд ирэх иргэдийг МИАТ-ын онгоцоор буцааж авч ирэхээр болсон. Харин "Аэро Монголиа” ХХК-ийн "A319" маркийн онгоц ОХУ-д жижиг засвар хийлгээд, бараг өнөөдөр /2021.07.21/ Улаанбаатарт буцаж ирэх байх” гэсэн юм.