“Архангайн засаг дарга Д.Золжаргалыг огцруулах шийдвэр нь хүчин төгөлдөр биш” гэв

“Архангайн засаг дарга Д.Золжаргалыг огцруулах шийдвэр нь хүчин төгөлдөр биш” гэв

Архангай аймгийн засаг дарга Д.Золжаргалыг ИТХ-д МАН болон АН-аас сонгогдсон зарим гишүүд нийлж огцруулах шийдвэр гаргасан талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл Архангай аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Мөнхбат өнөөдөр /2021-07-21/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн байр суурийг танилцуулж, мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “-Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг   хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргаж байна.

ҮҮНД:

  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурьдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй.
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.”-ыг зөрчиж хуулийн хугацаанд хуралдуулаагүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хурал нь МУЗЗНДНТУТХ буюу нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Хууль бус учраас бид тус хуралд оролцоогүй” гэв.

Мөн тэрбээр, дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцэж буй хүнд цаг үеийг далимдуулан улстөржилт хийж байгаад харамсалтай байна гэсэн юм гэж Архангай аймгийн Ардчилсан намаас мэдэгдлээ.