ФОТО: “Бамбарууш кафег сэргээнэ” гэж 6.01-нд шоудсан Л.Оюун-Эрдэнийн амлалт хэрэгжиж эхлээгүй байна

ФОТО: “Бамбарууш кафег сэргээнэ” гэж 6.01-нд шоудсан Л.Оюун-Эрдэнийн амлалт хэрэгжиж эхлээгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг /2021-06-01/ тохиолдуулж, хуучнаар  "Бамбарууш кафе"-г энэ оны есдүгээр сарын 1-нд сэргээж, хүүхдэд зориулсан чиглэлээр ашиглана гэж мэдэгдсэн.

Хуучнаар "Бамбарууш кафе" 2021.07.23

-ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ГАЗРАА СЭРГЭЭНЭ ГЭСЭН Ч ОДООГ ХҮРТЭЛ ЗАСВАРЫН АЖЛАА ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

Тодруулбал, тус кафе нь социализмын үед буюу 1972-1990 оны хооронд хүүхэд багачуудад зориулан үйл ажиллагаагаа явуулж байж. Харин Ардчилсан хувьсгал өрнөж, өмч хувьсгал явагдсанаар “Бамбарууш кафе” үүд хаалгаа хаасан юм. Тэр цагаас хойш тус газар өмчлөгчдөө хэд хэд солиод авсан. Анхандаа “Хан Брой” хэмээх уушийн газар болж байсан бол дараа нь мөн л “Downtown” хэмээх уушийн газар болж өөрчлөгдсөн.

Харин өдгөө газрын эзэмшигч нь “Моннис групп” гэж явдаг бөгөөд одоогийн байдлаар нэр бүхий “кашмер” ХХК-ын салбар талбайг нь түрээсэлж худалдаа үйлчилгээгээ эрхэлж байна.

Зөвхөн кафе байгуулахаас гадна Японы жишгээр хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулсан, орчин үеийн технологийг ашигласан сургалт үйлчилгээний төв байгуулна хэмээн Засгийн Газраас мэдэгдсэн. Тэгвэл ирэх есдүгээр сарын 1-н буюу товлосон хугацаа болоход ердөө 40 өдөр үлдээд байхад “Бамбарууш кафе”-ны үйл ажиллагааг сэргээх засварын болон талбай чөлөөлөх ажлыг хийж эхлээгүй байна.

-ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ЭХЛЭХ ТАЛААР ТҮРЭЭСЛЭГЧДЭД ОГТ МЭДЭГДЭЭГҮЙ БАЙНА-

Өчигдөр /2021.07.23/ биднийг тус байршилд очиход нэр бүхий салбар “кашмер” ХХК-ын салбар дэлгүүр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байлаа.  Тус дэлгүүрийн ажилчдаас  тодруулахад, “Одоогийн байдлаар талбайгаа чөлөөлөх, засварын ажил эхлүүлэх талаар түрээслүүлэгчийн талаас мэдэгдээгүй” хэмээсэн юм.

Засгийн газраас Моннис групптэй тохиролцож гэрээлсний үр дүнд газрыг нь төрд буцаан авч хүүхэд багачуудад зориулсан кафег сэргээн ажиллуулна хэмээн амласан ч  ажлаа эхэлсэнгүй.

Гал тогооны хэсэг. 2021.07.23

Хуучнаар “Бамбарууш кафе”-н барилгыг тойруулж татсан өнгө үзэмжгүй хашаа хотын төв цэгт хог, зэрлэг ургамал хоёртоо дарагдсан хэвээр харагдана. Бөмбөгөр хэлбэрийн байшинтай залгаа хэсэг бол хуучнаар кафен гал тогоо байжээ. Одоогоор түрээслэгч компанийн гал тогооны хэсэг болон хувирчээ. Монгол улсад хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьсан нийт 151 байгууллага байдаг. Үүний 72 нь төрийн, 75 нь хувийн болон олон улсын байгууллагын, дөрөв нь төр, хувийн хэвшлийн хамтарсан холимог өмчид бүртгэлтэй байдаг аж. Тэдгээр барилгуудын дийлэнх нь 1990-ээд онд баригдсан. Мөн зориулалтын бусаар ашиглаж буй 14 томоохон барилга илэрсэн байдаг.

-ДАХИН СЭРГЭЭСЭН Ч ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД ШИГ УСАНД УРССАН АЖИЛ БОЛОХ ВИЙ-

Барилгыг хувьдаа өмчилж авсан “Моннис групп”-ийн хувьд газраа төрд өгч, хүүхдийн сайн сайхны төлөө хандивлаж буйдаа эерэг сэтгэгдэлтэй байсан. Учир нь тус группийн үйл ажиллагаа хариуцсан захирал хэвлэлд өгсөн тодруулгадаа “Өмчлөл бол манай компани дээр байгаа. Бид их олон жил зэрлэг капитализмын замаар явлаа. Одоо жаахан нийгмийн хариуцлагын үүднээс, хүүхдийн төлөө, төртэйгөө хамтарч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөс үйл ажиллагааг нь цэвэр хүүхдийн төлөө болгож өөрчлөх юм” хэмээсэн юм.

Чөлөөт зах зээлтэй нийгэмд төрөөс хувийн өмчийг захирах, үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөх эрх байхгүй.

Гэхдээ сүүлийн үед хувийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн эрх ашгийн төлөөх кампанит ажил хийдэг жишиг тогтсон. Моннис групп ч мөн үүнийг хэрэгжүүлэх гэж Засгийн Газартай гэрээ хийсэн.