Медаль хүртсэн тамирчдыг шагнал авах үедээ амны хаалтаа түр авахыг зөвшөөрөв

Медаль хүртсэн тамирчдыг шагнал авах үедээ амны хаалтаа түр авахыг зөвшөөрөв

Токио 2020 наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Олимпын наадмыг зохион байгуулах журмын дагуу медаль гардуулах ёслолын арга хэмжээний үеэр байнга амны хаалттай байхыг тамирчдаас шаардаж байв.

Тэгвэл өчигдөр/2021-07-25/ буюу Ням гарагт усан сэлэлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчид уг журмыг зөрчиж, медалийн тавцанд гарахдаа амны хаалтаа авч, хоорондоо тэврэлдсэн юм.

Улмаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) тэднийг үйлдлийг буруушааж, амны хаалтаа ямар ч тохиолдолд зүүхийг сануулсан. Мөн ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс сэтгүүлчидтэй уулзахдаа “Мэдээж бид медаль зүүсэн тамирчдын баяр хөөрийг ойлгож,  мэдэрч байна. Харамсалтай нь бидэнд хатуу дагаж мөрдөхөөс өөр аргагүй журам бий. Энэ бол таны төлөө, бид бүгдийн төлөө, Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын төлөө бий болгосон журам юм” гэж мэдэгдсэн юм.

Гэсэн ч үүний дараа ОУОХ  журмаа зөөлрүүлж, тамирчдад медалийн тавцан дээр зургаа авхуулахдаа амны хаалтгүй байхыг зөвшөөрчээ. 

Олимпыг зохион байгуулах хороо “Медаль гардуулах ёслолын протоколоо бид өөрчилж, спортын карьерынхаа чухал агшны сэтгэл хөдлөлийг гэрэл зурагт үлдээх боломжийг тамирчдад олгож байна” гэж мэдэгдсэн байна.

Шинэчилсэн журмын дагуу алтан медаль хүртсэн тамирчны улсын төрийн дууллыг эгшиглүүлснээс хойш 30 секундын хугацаанд тавцан дээр зогсох тамирчид амны хаалтаа авч, зургаа авхуулахаар болсон аж.

Гэхдээ алтан медалийн тавцан дээр бусад медальтнууд нийлж зогсон зургаа авхуулах бол амны хаалт заавал зүүх ёстой болсон байна.

Эх сурвалж: Kyodonews