Саид Моллай Австрийн бөхийг цэвэр ялж, алтын төлөө барилдахаар боллоо

2021-07-27 16:50

Саид Моллай Австрийн бөхийг цэвэр ялж, алтын төлөө барилдахаар боллоо

Монголын бөх Саид Моллай жүдо бөхийн 81 кг жингийн шөвгийн дөрөвт Австрийн бөх Шамил Борчашвилитэй барилдаж иппон үнэлгээгээр яллаа. Ингэснээр тэрбээр мөнгөн медалийн болзол хангаж, алтын төлөө барилдахаар боллоо. Моллаи алтын төлөөх барилдаанд ДАШТ-ий алтан медальт Японы тамирчин Нагасэ Таканоритой барилдана.

 

 

2021-07-27 14:26

Саид Моллай шөвгийн дөрөвт үлдэж, медалийн төлөө барилдахаар боллоо

Монголын бөх Саид Моллай Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилитэй барилдаж, цэвэр ялснаар шөвгийн дөрөвт үлдлээ. 

Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт байгууллаа. Одоо Моллай энэ олимпод одтой барилдаж, томчуудыг нураасаар яваа Австрийн бөх Шамил Борчашвилитэй барилдана. Тэд өмнө нь хоёр барилдаж ээлжлэн хожоод байгаа юм. Шигшээ барилдаанууд 16.00 цагаас эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн дагах барилдаанаар эхэлнэ.

2021-07-27 13:38

Саид Моллай өрсөлдөгчөө цэвэр ялж, ШӨВГИЙН НАЙМД шалгарлаа

Жүдогийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллай Монгол Улсын иргэншил авч, Токио 2020 олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс барилдаж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн -81 кг-д хүчээ сорьж буй тэрбээр эхний барилдаанаа өнөөдөр Казахстаны тамирчин Дидар Хамзатай хийж, өрсөлдөгчөө цэвэр ялсан.

Улмаар дараагийн тойрогт Азербайжаны жүдоч Мурад Фатиевтай баридаж, Моллайе цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Хоёр тамирчин цаг сунгасан хүндхэн барилдаан хийсэн ч, Молайе тохох мэхээр вазари авч ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Барилдааны турш Моллай санаачилгыг гартаа авч, илүүрхсэн. Шүүгч өрсөлдөгч бөхийг нь хоёр удаа торгосон бөгөөд манай бөх торгуульгүй байв.

Одоо Моллай Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилитэй барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Моллайе хоёрт нь ялж байв.