Кенид Эболагийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Кенид Эболагийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Кени улсад Бундибугё омгийн вирусээр үүсгэгдсэн эболагийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагууд мягмар гарагт мэдээлжээ. Үүнээс нэг хоногийн өмнө уг халдварыг авсан эрэгтэй Найроби хотын эмнэлэгт нас барсан байна.

Кенийн Эрүүл мэндийн сайд Аден Дуалегийн мэдээлснээр, уг өвчтөн нь Кени улсын иргэн бөгөөд сүүлийн долоон жилийн хугацаанд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад амьдарч байжээ. Уг эрэгтэй сар орчмын өмнө өвдөж, БНАКУ-д байхдаа хэд хэдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Улмаар Конгогоос Угандагийн Кампала хотод автомашинаар, тэндээсээ “Jambojet” компанийн 8523 дугаартай нислэгээр 10 дугаар сарын 3-нд Найроби хотод иржээ. Түүнийг хамаатан нь Жомо Кениаттагийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас шууд Найробигийн эмнэлэгт хүргэсний дараа эмнэлгийн тусгаарлах тасагт яаралтай тусгаарласан байна. Өвчтөнд халуурах, жихүүдэс хүрэх, ихээр ядарч сульдах, булчин өвдөх, залгих үед хоолой өвдөх, тариа хийсэн хэсэгт арьсан доор цус хурах зэрэг шинж тэмдэг илэрч байжээ.

Хэдийгээр эмчилгээ хийсэн боловч өвчтөн даваа гаргийн шөнө нас барсан гэж А.Дуале мэдэгдээд, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлжээ. “Талийгаачийг аюулгүй, нэр төртэй оршуулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн байгууллагын стандартыг баримтлан өнөөдөртөө багтаан оршуулна” гэж тэрбээр хэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагууд талийгаачтай хавьтал болсон 28 хүнийг тогтоосны дотор гэр бүлийн гишүүд болон өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ажилтнууд байгаа аж. Мөн түүнтэй нэг нислэгээр зорчсон 23 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүнийг хайж байгаа аж. Халдвар авах эрсдэлд өртсөн хүмүүсийг тусгаарлан ажиглаж эхэлсэн байна.