2300 жилийн настай нарны ажиглалтын төвийг Юнескогийн дэлхийн өвийн санд  бүртгэлээ

2300 жилийн настай нарны ажиглалтын төвийг Юнескогийн дэлхийн өвийн санд  бүртгэлээ

Перу улсын Чанкилло гэх 13 цамхаг чулууг Юнескогийн дэлхийн өвийн санд бүртгэжээ. Тодруулбал, МЭӨ 250-200 онд баригдаж байсан Америк тив дэх хамгийн эртний нарны ажиглалтын төв болох 13 цамхгийг саяхан Юнескогийн дэлхийн өвийн сангаас албан ёсоор бүртгэж хамгаалалтад авч, “Хүний бүтээлч суут ухааны илэрхийлэл” хэмээн нэрлэсэн байна.

Тус нарны ажиглалтын төв нь нутгийн хойд хэсгээр байрладаг ба нар мандах, шингэх нумуудыг ашиглан хуанлийн үүрэг гүйцэтгэж, тэгш өдөр, туйлын өдрийг тэмдэглэхээс гадна жилийн нарийвчлалтай цагийг нэгээс хоёр хоногийн дотор тодорхойлдог цөлийн хөндийн 2300 жилийн түүхтэй археологийн балгас юм.

Энэ талаар Чанкилло хөтөлбөрийн захирал Иван Геззи, “НҮБ-ийн агентлаг Чанкиллог дэлхийн өвийн санд багтаасанд гайхах зүйл огт байхгүй. Энэ газар бол эртнээс маш нарийвчлал, өндөр түвшинд хийсэн гайхалтай бүтээл. Нарны хөдөлгөөнтэй яг таараад зогсохгүй Америк тивд эсвэл дэлхийн аль ч газар ийм зүйл байхгүй” гэсэн юм.

Энэхүү үнэт өвийг Перугийн засгийн газар болон бусад байгууллагууд арав гарав жилийн турш хамгаалах чиглэлээр ажиллаж ирсэн. Мөн Археологчид үзэхдээ энэ газрыг МЭ I зууны эхэн үеэс 19-р зуун хүртэл мартагдсан гэж үздэг. Балгаснаас хүний ​​үлдэгдэл олдоогүй бөгөөд соёлын талаар бага мэдээлэл байдаг гэжээ.

Одоогоор Чанкилло нь 21-р зуунд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Перугийн гурав дахь газар юм. Эхнийх нь 2009 онд Америк тивийн хамгийн эртний хот Карт байсан бол 2014 онд Инкагийн өргөн уудам зам болох Кхапак Чаньдыг тус тус дэлхийн өв болгон бүртгэн авч байжээ.

Эх сурвалж: TheGuardian