Д.Тогтохсүрэн: МАН жагсаалтаар сонгогдох хэлбэрийг огт дэмжихгүй байгаа

Д.Тогтохсүрэн: МАН жагсаалтаар сонгогдох хэлбэрийг огт дэмжихгүй байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тав дахь өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан.  Өнөөдөр бүлгийн хурлаар байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэж байна гэж бүлэг тогтлоо. Шууд нийтийн гэчихвэл иргэн хүн байгалийн баялгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх үүсчихнэ. Жишээ нь бидний хэлдэг нинжа нарт газрын хэвлийг ухах эрхийг нь олгох болчихоод байгаа юм. Тиймээс төрийн нийтийн өмч гэж заахаар болсон. Ерөнхийлөгчийн зүгээс нийтийн өмч гэж орж ирсэн. Гишүүдийн зүгээс төрийн өмч гэж орж ирсэн. Ингээд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн” гэдэг дээр тогтлоо.

Хоёрдугаарт шүүхтэй холбоотой гишүүдийн өргөн барьсан есөн заалт байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр заалт байсан. Эдгээрийг нийлүүлээд гурван заалт болгож оруулж байна. Шүүхийг яаж байгуулах, вэ, ШЕЗ ямар бүтэцтэй байх вэ, шүүгчдэд хариуцлага тооцдог сахилгын хороо нь ямар бүтэцтэй байх вэ гэсэн гурван заалт орж байна. Бусад заалтыг хассан. Одоо санал нийлэхгүй байх асуудалгүй боллоо. Бид 64 гишүүнээсээ нэг бүрчлэн нууцаар санал авсан. Гишүүдийн олонх нь ямар ч асуудалгүйгээр 99 гишүүнтэй болохыг дэмжсэн. Үндсэн хуулийг баталсны дараа бидэнд хоёр том ажил үлдэж байна. Нэг дэх нь Сонгуулийн хуулийг батлах ёстой. Хоёр дахь нь улс төрийн намуудын тухай хууль байна. Энэ хоёрыг шийдсэний дараа УИХ тарах нь уу, бүрэн эрх нь дуусах нь уу түүнийг бид мэдэхгүй.

Өнөөдөр 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. 15.00 цагаас чуулган хуралдана. Хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөж байна. Ингээд ард нийтийн санал асуулга явуулах уу, гурав дахь хэлэлцүүлэг рүүгээ орох уу гэдгээ шийднэ. Гуравдугаар хэлэлцүүлэг рүү орно гэвэл УИХ арав орчим хоног завсарлана. Ард нийтийн санал асуулга явуулна гэвэл энэ төслөө ард нийтийн санал асуулгад бэлтгэж дахин хэлэлцэх юм” гэв.

Дараа нь асуултад хариулсан юм.

-Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоон дээр зөвшилцсөн гэсэн үү?

-Монгол улсын Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 байна. Тодруулбал 54-ийг нь жижиг мажоритар тойргоор, 54-ийг нь улс орон даяар том мажоритар тойргоор сонгох санал гаргасан. АН бол 108 гишүүнийг дэмжинэ. Гэхдээ 54-ийг нь жижиг мажоритар, 54-ийг нь пропорциональ байна гэсэн. Манай бүлэг бол 108 олон байна. Нийгэм хүлээж авахгүй байна. Хоёр оронтой тоонд багтаана гээд 99 гэж тогтлоо. Тогтолцооны хувьд манай намын байр суурь бол иргэн хүн гишүүнийг л сонгох ёстой. Иргэн хүн улс төрийн намыг сонгож болохгүй гэж үзэж байгаа. Жагсаалтыг огт дэмжихгүй.