ХӨШИГНИЙ АРД: МАН-ынхан тусгаар тогтнолын ордондоо хоёр өдөр хэрэлдэв

ХӨШИГНИЙ АРД: МАН-ынхан тусгаар тогтнолын ордондоо хоёр өдөр хэрэлдэв

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын чуулганаа завсарлуулаад нам гүм байсан МАН-ынхан ойрмогхон нэлээд бужигнах боллоо.

Намрын чуулган эхэлмэгц Засгийн газраа хөнтөрнө, эсвэл хэд хэдэн сайдаар туг тахина гэсэн битүү бор шувуу хавраас хойш жиргэсээр л байгаа. Гэхдээ тийм явдал болон болтол “огт тийм зүйл байхгүй” гэж гүрийсээр эцэстээ дэлбэ үсэрдэг нь энэ намын тогтсон жишиг. Гэвч одоо гүрийх аргагүйгээр тэдний дотоодын тэмцэл хагарал савнаасаа хальж намрыг хүлээх шинжгүй болоод явчихлаа. Ингээд өчигдөр МАН-ын байранд болж өнгөрсөн мэдээллийг тоймлон хүргэе.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДЭВШҮҮЛСЭН ХҮНИЙГ  НАМЗХ УНАГАЖ Н.УЧРАЛ АЖЛАА ӨГНӨ ГЭЖ УУРЛАЖЭЭ-

Өнгөрөгч лхагва гарагт МАН-ын залуучуудын холбоо буюу нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо удирдах зөвлөлийн хуралдаанаа хийжээ. Өнгөц харахад энэ байгууллага нь ердийн нэг төрийн бус байгууллага мэт боловч төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бүгд энэ холбооны дарга байсан гээд бодохоор бараг нам доторх нам гэж хэлж болно. НАМЗХ удирдах зөвлөлийн хурлаараа Ерөнхий нарийн бичгийн даргыг нөхөн сонгохоор болсон байна.

Ингээд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ JCI холбоогоор овоглогддог Б.Золбадрах гэгчийг “шууд крандаж” нэр дэвшүүлсэн байна.

Улмаар НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал түүнийг томилуулахаар тогтоол оруулж санал хураалгасан боловч 40 гишүүнээс 16 гишүүн нь дэмжиж 24 гишүүн нь эсрэг санал өгснөөр намын дарга, НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн бодлогыг унагаж орхижээ. Даргынхаа үгийг үг дуугүй дагадаг залуучууд “ийм намын бодлого байж болохгүй, НАМЗХ-нд зүтгэсэн олон мянган залуусаас яагаад Ерөнхий нарийн бичгийн дарга томилохгүй, дотроосоо дараа томилно, НАМЗХ-ныг огт мэдэхгүй JCI гэж байгууллагаас шууд орж ирээд Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж юу байдаг юм. Тэгвэл манайхаас нэг явуулаад JCI-ийн Ерөнхийлөгч больё л доо, тэгж болох юм уу” зэргээр маш хурцаар шүүмжилсэн байна.

Намын бодлогоо дэмжихийг учирласан Н.Учрал эцэстээ уурлаж “Та нар намайг дэмжихгүй бол Ерөнхийлөгчөөс огцруулаарай” гэхэд нь “тэгсэн ч яадаг юм” гэж үг сөргөөсөн байна. Ийнхүү нэлээд халуун хурал болж эцэстээ Н.Учрал өөрийн ойрын хүн болох Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулсан байна. МАН-ын залуучууд намын даргынхаа бодлогыг унагасан нь ердийн нэг санамсаргүй хэрэг биш. Энэ бүхний ард МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бий гэж тусгаар тогтнолын ордны тамхины цэг дээр яригдах болов.

Д.Амарбаясгалан НАМЗХ-ны удирдах зөвлөлийг “хага базаж” намын даргын бодлогыг батлуулах бүрэн боломжтой. Гэтэл зүгээр орхисон нь “Надгүйгээр бодлого явахгүй шүү” гэж намын даргадаа өгч буй мессеж гэж улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хооронд багагүй зөрчил явж байгаа гэсэн мессеж эртнээс гарсан. Үүний тод илрэл нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хотын менежер Т.Гантөмөрийг шалгах ёстой” гэж мэдэгдсэн явдал юм.

Х.Нямбаатарыг Л.Оюун-Эрдэнэтэй үел хаяалууд гэж ярьдаг ч баримтаар нотолж чаддаггүй. Хотын менежер Т.Гантөмөр бол Д.Амарбаясгаланг 2016 онд нийслэлийн ИТХ-д дэвшихэд нь менежрээр нь ажилласан хамгийн ойрын хүн. МАН-ын удирдлагуудын хоорондоо нүүлгэлцсэн сэмхэн гоо даам ийнхүү НАМЗХ-ны удирдах зөвлөл дээр ил болсон байна.

-ЗАСГИЙН ГАЗАР УИХ-АА, УИХ НЬ ЗАСГИЙН ГАЗРАА ШҮҮМЖЛЭХ БОЛЖЭЭ -

НАМЗХ-ны удирдах зөвлөл хуралдсаны яг маргааш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголд ирж намын газар, хэлтсийн дарга нар угтаж уулзсан байна. Л.Оюун-Эрдэнэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны удирдлагуудад сэтгэл дундуур байгаа гэдгээ нуугаагүй байна.

Ингэж байтал цагдаа нарын хүн зодсон бичлэг, шатахууны үнэ өсч, нөөцгүй болж байгаа зэрэг асуудлууд босож УИХ-ын гишүүдийн групп дээр Засгийн газар ажлаа тааруу хийж байна гэсэн яриа гарчээ. Цаг үеийн нөхцөл байдал нэлээд ярвигтай болсон тул намын дарга өчигдөр \2021.07.30\ МАН-ын албан тушаалтнуудаа Тусгаар тогтнолын ордонд цуглуулж уулзсан байна. Уулзалт өдөр 13 цаг орчимд эхэлж шөнө дөл буюу 01:00 хүртэл сунжирчээ.

Чухам яг ямар асуудал ярилцаж шийдэлд хүрсэн нь тодорхойгүй ч эх сурвалжийн мэдээлж байгаагаар шатахууны үнийн өсөлт, цагдаагийн асуудал, хичээл сургууль, орох орохгүй зэрэг тулгамдаад байгаа асуудлыг яаж давж гарах, нам, Засгийн газар, УИХ ажлаа яаж уялдуулах талаар санал солилцсон гэх мэдээлэл байна.

Харин УИХ-ын гишүүдийн дунд болж байгаа үйл явдалтай холбоотой дараах ярианууд гараад байна. Юуны өмнө цагдаа нарын хүн зодсон бичлэгийг дотроосоо зориуд тараагаад байна, тэр эзнийг олох ёстой гэж үзэж байгаа бололтой. Тэгвэл зарим нь уг бичлэгийг “ТЕГ-ын дарга асан Б.Хурц тарааж байна. Үүнээс ч ноцтой бичлэгүүд байж болзошгүй гэж хардаж байгаа” ажээ.

Ер нь МАН-ын дотор сүүлийн үед Засгийн газраа ил задгай шүүмжилдэг, бодлогыг нь дэмждэггүй байдал газар авлаа үүн дээр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь бүлгийн дарга Б.Тогтохсүрэн нар анхаарахгүй байна “гишүүдээ барьж чадахгүй байна” гэсэн шүүмжлэлийн нам, Засгийн газрын зүгээс тавьж байгаа бол УИХ-ын гишүүд “Засгийн газар ажлаа сайн хийхгүй байна, олон нийтийг бухимдуулж байна” гэж сөргөөх болсон байна. Зарим гишүүд нэр бүхий сайд нарыг солих ёстой гэж шахаж байгаа бол шатахууны үнэ, нөөц дээр хангалттай ажиллаж чадаагүй АМХЭГ-ын дарга Х.Хэрлэн, Цагдаа нартай холбоотой асуудлыг шийдэж чадахгүй байгаа тус газрын дарга Ж.Болд нарыг ажлаас нь чөлөөлөх ёстой гэсэн шахалтыг нь хийгээд эхэлсэн гэв.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн гаднаасаа балбуулж, дотроосоо хэмлүүлжээ. МАН-ын хувьд үндсэн хуулийг энэ намрын чуулганаар дахин өөрчилж давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх замаар Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг зорьж байгаа.

УИХ-ын гишүүд нь МАН-ын удирдлагуудтайгаа ойлголцож танхимд нь багтаж шингээд явах уу? Эсвэл нэг мөр эргэлт хийх үү гэдгийг айсуй өдрийн үйл явлууд тодорхой болгох буй за.