СХД-ийн нөхөн сонгуульд АН-аас Л.Гантөмөр, МАН-аас Ж.Сандагсүрэн нар яригдаж байна

СХД-ийн нөхөн сонгуульд АН-аас Л.Гантөмөр, МАН-аас Ж.Сандагсүрэн нар яригдаж байна

Ирэх аравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т УИХ-ын нөхөн сонгууль болно. Харин энэ сард улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд илэрхийлэх ёстой.

Тэгвэл тус сонгуульд МАН болон АН-уудаас хэн нэр дэвших талаар олон таамаглалын эх сурвалжууд дэвшүүлж байна. Тухайлбал, МАН-аас тус дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэх тохироо хийгдэж, МАХН-ыг МАН-д нэгтгэсэн гэдэг.

-Д.СУМЪЯАБАЗАР Ж.САНДАГСҮРЭНГЭЭ ДЭВШҮҮЛЭХ САНАЛ ГАРГААД БУЙ-

Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын Нийслэлийн засаг даргын хоёрдугаар орлогч буюу Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэнгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай байгаа юм. Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг бол Д.Сумъяабазарын улс төрийн тойрог төдийгүй, улс дүүрэгт түүний улс төрийн багийнхан ажилладаг гэдэг. Мөн тэрээр Нийслэлийн засаг дарга болсон даруйдаа НЗДТГ-т халгаа сэлгээ хийж, Сонгино хайрхан дүүргийн МАН-ын хорооны хүмүүсээр засаг даргын байшинг дүүргэлээ гэсэн шүүмжлэлд өртөж байсан.  

Харин, хотын даргын хоёрдугаар орлогч Ж.Сандагсүрэн өмнө нь Сонгино хайрхан дүүргийн засаг даргын албан тушаал хашиж байсан бөгөөд Д.Сумъяабазар хотын дарга болсноос хойш хотын даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хашиж эхэлсэн байдаг. Харин түүнийг тус албан тушаалаас нь өнгөрөгч хоёрдугаар сард чөлөөлсөн. Түүнийг ийнхүү чөлөөлөхөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар шахалт үзүүлсэн гэдэг. Гэсэн ч хотын дарга Д.Сумъяабазар түүнийг өөрийнхөө хоёрдугаар орлогчоор буцаан томилох санал гаргасан байдаг.

-М.ТУЛГАТЫН АН-ААС Л.ГАНТӨМӨРИЙН НЭР ЯРИГДАЖ БАЙНА-

Тэгвэл С.Эрдэнэ, М.Тулгат нарын тэргүүлж буй, албан ёсны гэх АН-аас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Л.Гантөмөрийг нэр дэвшүүлэх талаар яригдаж эхэлсэн байна. Л.Гантөмөр нь УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Харин О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын тэргүүлж буй албан бус гэх АН-аас Г.Очирбатын нэр яригдаж байгаа аж. Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд тус тойрогт нэр дэвшсэн нэгэн бөгөөд одоо Сонгинохайрхан дүүргийн албан бус АН-ын даргын албан тушаал хашдаг нэгэн ажээ. Харин нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие дааж өрсөлдөж магадгүй байгаа аж. Энэ тохиолдолд түүнд Д.Сумъяабазар түүнд хүч өгч магадгүй.