У.Хүрэлсүхийн сонгууль, тангараг өргөх ёслол өнгөртөл ШАТАХУУНЫ ҮНИЙГ “ХҮЧЭЭР” барьж байв уу

У.Хүрэлсүхийн сонгууль, тангараг өргөх ёслол өнгөртөл ШАТАХУУНЫ ҮНИЙГ “ХҮЧЭЭР” барьж байв уу

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг/2021.07.29/-т Засгийн газраас “ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн” талаар мэдэгдсэн.

Үүнээс ганцхан хоногийн дараа АИ-92 шатахууны үнэ дахин өсөв. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын эхээр АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэн 1750 төгрөг болоод байсан бол Засгийн газрын мэдэгдлийн дараа дахин 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 болсон. Улмаар өргөн хэрэглээний бараа, такси үйлчилгээний үнэ ч нэмэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Он гарсаар олон улсын зах зээлд шатахууны үнэ өссөөр байв. Гэвч манай улсын Засгийн газар ямар шалтгаанаар шатахууны үнийг энэ хугацаанд “барьсаар”, огцом нэмэх болов.

- ОН ГАРСААР БНХАУ, ОХУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨӨР БАЙВ-

Манай улсад шатахуун голлон нийлүүлэгч БНХАУ, болон ОХУ-д өнгөрсөн нэгдүгээр сараас хойш шатахууны үнэ хэрхэн хэлбэлзсэнийг авч үзье.

БНХАУ, ОХУ-ын АИ-92 бензины үнийн өсөлт

БНХАУ-д АИ-92 автобензины үнэ 2021 оны

  • Нэгдүгээр сараас гуравдугаар сард-2647-2815 төгрөг
  • Гуравдугаар сараас тавдугаар сард-2919-2995 төгрөг
  • Тавдугаар сараас долдугаар сард2995-3138 төгрөгийн ханштай байв.  

ОХУ-д АИ-92 автобензины үнэ 2021 оны

  • Нэгдүгээр сараас гуравдугаар сард 1671-1695 төгрөг
  • Гуравдугаар сараас тавдугаар сард 1686-1733 төгрөг
  • Тавдугаар сараас долдугаар сард- 1733-2050 төгрөг болжээ.

Тэгвэл манай улсын хувьд АИ-92 автобензины үнэ 2021 оны

  • Нэгдүгээр сараас гуравдугаар сард-1450 төгрөг
  • Гуравдугаар сараас тавдугаар сард-1450 төгрөг
  • Тавдугаар сараас зургадугаар сар хүртэл мөн 1450 төгрөг байсан бол долдугаар сар гарсаар 1744 төгрөг болж нэмэгджээ/дээр дурдсанчлан наймдугаар сар гарсаар дахин 300 төгрөгөөр нэмэгдсэн/.

АИ-92 бензины үнэ долдугаар сар гарсаар нэмэгдэж эхэлжээ/Нийслэлийн статистикийн газар/

Дээрхээс харахад БНХАУ болон ОХУ-д он гарсаар АИ-92 автобензины үнэ тогтмол нэмэгдэж байсан бол манай улсад сонгууль дуусаж, Ерөнхийлөгч тангарагаа өгсний дараа буюу долдугаар сараас огцом нэмэгдэж эхэлжээ.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ ӨНГӨРТӨЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ХҮЧЭЭР “БАРЬЖ” БАЙВ УУ-

Ийнхүү үнэ нэмэгдэх нөхцөл хэдийнээ бүрдсэн байсныг шатахуун импортлогчид мэдээлсээр байсан юм. Тухайлбал, зургадугаар сарын 12-ноос шатахууны үнэ өсөх нь үнэн гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан ч Засгийн газар үгүйсгэсэн. Гэвч сонгууль, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж өнгөрсний дараа шатахууны үнэ нэмэгдэж, Засгийн газар ч хүлээн зөвшөөрөв.

Өчигдөр/2021.08.03/ Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийхдээ “Нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл үргэлжилсэн долоон сарын хугацаанд сар болгон үнийн өсөлтөө тогтвортой барьсан бол 600 төгрөгийн өсөлт явагддагаараа явагдах байсан” гэж хэлсэн юм. Үүнээс хэрэв шатахууны үнийг огцом нэмэхгүйгээр, олон улсын зах зээлд тохируулан энэ хугацаанд бага багаар нэмсэн бол иргэдийн өдөр тутмын амьдралд өнөөдрийнх шиг дарамт үүсэх байсан уу гэдэг асуулт үлдэж байна.