Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн аль саналуудаар санал нэгдэв  

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн аль саналуудаар санал нэгдэв  

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар төлөвлөсөн гэж УИХ-ын тамгын газраас мэдэгдсэн. Гэтэл гишүүдийн ирц хүрэхгүйгээс товлосон хуралдаанууд хуралдаж чадахгүй хойшилсоор байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын чуулганы хуралдаан 15.00 цагт товлогдсон ч хуралдаж чадаагүй юм.

-МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛНА, ЯВУУЛАХГҮЙ ГЭЖ ХУВААГДЖЭЭ-

Угтаа бол Үндсэн хуулийг өөрчлөх саналд нэгэнт нэгдсэн бол нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентын гишүүд дуу нэгтэйгээр, идэвх санаачлагтайгаар хэлэлцэж дуусгах ёстой. Гэтэл эрх баригч МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим заалтыг дэмжих эсэхээр талцаж хуваагдан хоёр талд гэдийсээр ийнхүү хуралдаж, хэлэлцэж чадахгүй байдалд хүрэв.

Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан УИХ-ын гишүүнийг 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох саналыг МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь хүлээж авахгүй гэж эсэргүүцсэн. Бүтэн 14 хоног хуралдсан ч тэд шийдэлд хүрч чадаагүй. Эцэстээ тус бүлэг хорьхон гишүүнтэй дээрх асуудлыг хэлэлцэж сонгуулийн тогтолцоог нарийн зааж өгөөгүйн дээр УИХ-ын 99 гишүүнтэй байхыг дэмжсэн шийдвэр гаргаж хуралд суугаагүй бусад гишүүнээ бүлгийн шийдвэрийг дагахыг үүрэгдээд дууссанаар гацаад байсан асуудлыг шийдвэрлэсэн. 64 гишүүнтэй МАН-ын бүлэг хорьхон гишүүнээ суулгаж шийдвэр гаргасны гор өнөөдөр чуулган хуралдаж чадахгүйд хүргэж байна. Тэд дээрх асуудлаас гадна ард нийтийн санал асуулга явуулах ёстой, ёсгүй гэж талцсан талаар эх сурвалж  мэдээлж байгаа юм. Энэ  долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаад гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхлэх эсвэл ард нийтийн санал асуулгыг явуулахаар төлөвлөөд байсан юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ болон МАН, АН АЛЬ ЗААЛТУУД ДЭЭР САНАЛ НЭГДЭВ-

Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ардчилсан намаас Үндсэн хуульд оруулахаар гаргасан саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг яаж нэгтгэж, хэрхэн зангидсан бэ гэдэг асуудал юм. Үүн дээр мөн АН-ын санал нэмэгдсэн юм. ТУХАЙЛБАЛ, 

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийн хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж, мөн төслийн “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж өөрчлөн найруулсан Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  тус тус дэмжив.

-Төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах, бүрэн эрхтэй, түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн төслийн заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

-Ажлын хэсгээс гаргасан “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн эрх ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжив.

-Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь  урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрд тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн. Гэхдээ уг асуудалд АН-ын зөвлөлийн саналыг тусгаж, “байгалийн баялгийн” гэснийг хасч, “газрын хэвлийн баялгийн” гэж өөрчлөн Ажлын хэсгийн саналтай нэгтгэхийг дэмжлээ.

-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.

-Төрийн санхүү, зээл албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

-Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү,  төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн Ажлын хэсгийн саналыг  “Засгийн газрын  зөвшөөрөлгүйгээр” гэснийг хасч, “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа  Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж АН-ын зөвлөлийн саналыг тусган өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

-Ажлын хэсгийн саналаар төслийн 4 дүгээр зүйлд буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаа” гэснийг “ерэн ес” гэж, төслийн мөн зүйлийн 21.2, 24.2, 40.1, 59.3, 60.2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж, төслийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавиас доошгүй” гэснийг “далан таваас доошгүй” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

-Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс татах үндэслэл болно” гэж өөрчлөх Ажлын хэсэг болон АН-ын саналыг  гишүүдийн олонх дэмжсэн.

-“Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэж өөрчлөн найруулахаар болсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь  дэмжсэн бол Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг , нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн  зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан  шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж, мөн төслийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд  оролцсон гишүүдийн олонх  тус тус дэмжив. 

-Төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг Улсын Их Хурлын  холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах асуудлыг Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл  түр хойшлуулахаар боллоо.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж, төслийн 3 дугаар зүйлийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж, мөн төслийн 3 дугаар зүйлийн  “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болсон юм.