''Илгээлтийн эзэд'' хөтөлбөрийг сэргээн, оюутан залуусыг намрын ургац хураалтанд ажиллуулахаар боллоо

''Илгээлтийн эзэд'' хөтөлбөрийг сэргээн, оюутан залуусыг намрын ургац хураалтанд ажиллуулахаар боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2021.08.03/ Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болсон талаар Монголын Залуучуудын Холбооноос мэдэгджээ.

Уулзалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас  цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д байсан иргэдэд нэг удаа боломж олгох шийдвэр гаргасан нь олон залууст эдийн засгийн чухал дэмжлэг болсныг хэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МЗХ-оос зөв санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд Улсын Их Хурлаас бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, зарим төсөл хөтөлбөрүүд дээр хоёр талаас ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.