Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” нэртэй шинэ бүтээл туурвижээ. 40 дэх удаагийн Үндэсний номын баяраар уншигчдын анхаарлыг татаж буй уг номд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын бага наснаас эхлээд улс төрийн ажлын гараа, төрийн өндөр хариуцлагатай алба хашиж ирсэн замнал, амьдралын сорилт бэрхшээл, улс төрийн тэмцлийг олон өнцгөөс өгүүлсэн байна.
Зохиогч Д.Тэрбишдагва Г.Занданшатартай олон жил нөхөрлөж, хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан түүний улс төрийн дүрийг бүтээжээ. Тэрбээр номынхоо гол сэдвүүдийн нэгээр Оюу толгойн асуудлыг онцолж, улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үзэл бодолдоо тууштай зүтгэж ирсэн улстөрчийн дүрийг харуулахыг зорьсон байна. “Бидний олон жилийн нөхөрлөл, хамтын зүтгэлд хамгийн том мөрөө үлдээсэн сэдэв бол Оюу толгой. Би номдоо түүнийг улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үзэл бодолдоо тууштай зүтгэж ирсэн улстөрч гэдгээр нь харуулахыг зорьлоо” хэмээн Д.Тэрбишдагва өгүүлжээ. “Монгол нүүдэл” номд “Риод бичсэн захидал – тулгалт уу, шаардлага уу”, “Нүүдэл буцдаггүй юм, хүү минь”, “Хөдөөгийн хүүгээс хорооллын хэгжүү”, “Аймшигт осол ба 28 хоног” зэрэг сонирхол татахуйц бүлэг, гарчгууд багтжээ.

Тэр дундаа Г.Занданшатарын амьдралд тохиолдсон хүнд осол, түүний дараах 28 хоногийн тухай өгүүлсэн хэсэг нь олны дунд янз бүрээр яригддаг үйл явдлыг зохиогчийн харсан, туулсан өнцгөөс өгүүлснээрээ онцлог аж. Д.Тэрбишдагва номдоо Г.Занданшатарыг зөвхөн төрийн өндөр алба хашсан улстөрчөөр бус, хөдөөгийн хүү, залуу улс төрч, нөхөр, хамтран зүтгэгч, амьдралын хүнд сорилтыг туулсан хүн гэх мэт олон дүрээр харуулахыг зорьжээ. Ийнхүү “Монгол нүүдэл” нь нэгэн улстөрчийн намтар, улс төрийн замналыг түүний ойрын нөхөр, хамтран зүтгэж явсан хүний нүдээр өгүүлсэн бүтээл болж байна. Номын гол санааг “алдсан бол засах, унасан бол босох, уруудсан бол өгсөх зам”-ыг эрэлхийлсэн хүний амьдралын түүх хэмээн тодорхойлж болохоор байна.