Монгол Улсыг чиглэсэн цахим халдлага жилд ДӨРВӨН ТЭРБУМ бүртгэгддэг гэв

Монгол Улсыг чиглэсэн цахим халдлага жилд ДӨРВӨН ТЭРБУМ бүртгэгддэг гэв

Өчигдөр /2021-08-03/ ''Хувь хүний нууцын тухай'' хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх үүрэг бүхий ажилчид Тагнуулын ерөнхий газар Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс болон “Үндэсний дата төв”-ийн ажилтай танилцлаа.

Манай улс кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104, 2018 онд 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Монгол Улсыг чиглэсэн цахим халдлага 2013 оноос хойш эрчимжсэн байна.

Тодруулбал, жилд дунджаар  4 тэрбум орчим нь халдлагын шинжтэй хандалт ирдэг аж.

Мөн зөвшөөрөгдөөгүй 3 тэрбум орчим хандалт байдгийг Үндэсний дата төвийн удирдлагууд онцлов. Эдгээр цахим халдлагуудыг бүртгэх, хамгаалах нь тус төвийн үүрэг бөгөөд дөрвөн ээлжээр тогтмол хяналт тавьж ажилладаг байна.

Олон улсын туршлагаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь өдөр тутам хөгжих технологийн хөгжил, тасралтгүй нэмэгдэх халдлагын төрөл зүйл, хэрэглэгч байгууллага, хүний ур чадвараас хамаарсан нарийн төвөгтэй асуудал байдаг. Чадварлаг мэргэжилтнүүдийг төсвийн цалингаар тогтоох хэцүү гэдгийг ч дурдсан юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүүн Н.Учрал, “Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримталж байна. Үүний тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн ямар мэдээллээ ил тод, ямрыг нь хаалттай байлгах вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Хувь хүний нууц болон мэдээллийг хэрхэн хамгаалах тухай ч ярина. Төр иргэдийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй.

Энэ талаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд тусгасан. Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг төрийн өөр өөр байгууллагад хариуцуулах нь зөв. Цахим гарын үсгийн тухай хуулийг батлаад 10 гаруй жил болж байгаа ч хэрэгжилт тун хангалтгүй байгаа. Тоон гарын үсгийн үйлчилгээн гурван компани олгож байна. Одоогоор 35 мянган тоон гарын үсэг олгосон нь маш чамлалттай. Мөн эдгээр хуулийн төслүүдийг баталснаар улс орны аюулгүй байдлын индекс өснө. Эдийн засаг, санхүүгийн салбарт ч ахиц гарна. Хөрөнгө оруулагчдын тавьдаг зарим шалгуурыг хангаж эхэлнэ. Мөн бид Виртуал хөрөнгө оруулалт буюу дижитал хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар зорьж байна” хэмээн онцоллоо.