ФОТО: Сансрын туннелийн түшиц хананд “ХҮЧИТГЭЛ” хийлгүй, 44 сая төгрөгөөр БУДЖЭЭ

ФОТО: Сансрын туннелийн түшиц хананд “ХҮЧИТГЭЛ” хийлгүй, 44 сая төгрөгөөр БУДЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сансарын тунелийн түшиц ханыг  сарын турш /2021.06.18-2021.07.18/ засварласан байдаг.

-САНСРЫН ТУННЕЛИЙН ТҮШИЦ ХАНЫГ ‘’СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА’’ ГЭСЭН БУДААД ОРХИЖЭЭ-

Засварын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэсэн байна. Тус компани нь 2005 онд байгуулагдсан ба явган хүний зам тавих засварлах, барилгын засвар, засал чимэглэл гүйцэтгэх, цэцэрлэгжүүлэлт, хот тохижилтын зөвлөх үйлчилгээ зэргийг үзүүлдэг аж. Тэд өмнө нь нийтийн зориулалттай орон сууцны гадна ханын дулаалгын ажил, автобусны буудал болон бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт гэх мэт ажлуудыг гүйцэтгэж байжээ. Харин энэ оны зургаагаас долдугаар сарын хооронд нийт 2210 м2 талбай бүхий түшиц ханын  хуучирсан будгийг хуулан, хусаж цэвэрлэж шинээр замаск татан будгийг бүрэн сэргээн засварлаж нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн гэжээ. Сонгон шалгаруулалт зарлаж, засварын ажлыг эхлүүлэхдээ түшиц ханыг сэргээн засварлах хэмээн нэрлэж байв. Гэвч бодит ажил болгохдоо түшиц ханын насжилт, эдэлгээг уртасгах эвдрэл гэмтлийг засварлах “хүчитгэх” ажил хийгдээгүй бололтой.

-НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨӨС 44 САЯЫГ АВЧ САРЫН ХУГАЦААНД 2210 М2 ТАЛБАЙН ХУУЧИРСАН БУДГЫГ НЬ ХУУЛЖ СЭРГЭЭН БУДСАН БАЙНА-

Ажлын хоёрдугаар шатанд барилга угсралтын ажил хийнэ хэмээн томъёолсон ч хуучирсан будгийг нь хуулж, шинээр замаск түрхсэн байна. Сарын хугацаанд хийсэн уг ажлын өртөг нийтдээ 44 сая 950 мянга болсон юм. Харин зардлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргажээ.

Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг зарлахдаа, уг ажлыг төлөвлөхдөө цэцэрлэгжүүлэлт, сагсны талбай, амрах талбай зэргийг гүйцэтгэнэ хэмээн заасан ч тэдгээр ажлыг хийсэнгүй. Түшиц ханын замаскыг хуулж шинээр будахдаа ажлын зураг төсөл гаргаж, барилга угсралтын ажил гүйцэтгэнэ хэмээн тэмдэглэсэн нь хэн бүхний гайхшралыг төрүүлмээр. Байгууламжид ганц түшиц хананаас гадна явган хүний шат, гүүр ч багтдаг. Тэдгээрийн эвдрэл гэмтлийг засварлахад төсөвт багтсан мөнгө багадахгүй. Эдийн засгаа аварч, эрүүл мэндээ сахин хамгаалахын тулд улс даяараа бүсээ чангалж арвилан хэмнэлтийн горимд шилжсэн гэх атлаа төсвийн мөнгө уйлдаггүй юм гэсэн шиг төлөвлөгөөнөөсөө гажсан, халтуурдсан ажил хийх болж. 44 сая гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн Нийслэлийн төсвөөс гарч буй учир бага мөнгө биш юм. Төлөвлөсөн ёсоор стандартын дагуу барьсан сагсны талбай, амрах хэсэг, ногоон байгууламж хаашаа алга болов.