Сутай хайрханы тахилгад зориулж Говь-Алтай аймгийн баг бүрээс НЭГ ХОНЬ авч байна

Сутай хайрханы тахилгад зориулж Говь-Алтай аймгийн баг бүрээс НЭГ ХОНЬ авч байна

Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших Төрийн их тахилгат Сутай хайрханыг энэ сарын 7-ны өдөр /2021.08.07/ тахина. Ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй нэр бүхий сайд нар болон УИХ-ын зарим гишүүд оролцоно гэх мэдээлэл байна. Төрийн тахилгад Ерөнхийлөгч болон түүнийг төлөөлсөн төлөөлөгч оролцдог уламжлалтай. Ерөнхийлөгч оролцохгүй бол ҮАБЗ-ийн дарга Ж.Энхбаяр төлөөлж оролцох магадлалтай байгаа аж. 

Бид энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяраас тодруулахад "Сутай хайрханы тахилгад Ерөнхийлөгч оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ. Говь-Алтай аймгийн удирдлагууд уг үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч бэлдэж буй бөгөөд Сутай хайрханы ойролцоо гэр барьж бусад зүйлийг бэлджээ.

Мөн тус тахилгад зориулж Говь-Алтай аймгийн сумдын баг бүрээс хонь авчруулж байгаа аж. 

Дашрамд дурдахад, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар уг тахилгад зориулж тарваганы таван тулам авчрахыг сумдын Засаг дарга нарт үүрэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Харин Засаг дарга О.Амгаланбаатар уг мэдээллийг үгүйсгэж "Би тийм үүрэг өгөөгүй" гэж мэдэгдээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус тахилгад оролцохгүй бол ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Ж.Энхбаяр оролцох аж. Тэрээр Говь-Алтай аймгийн гаралтай нэгэн бөгөөд тус аймгаас УИХ-д сонгогдож байсан юм.