Цахим хэвлэлүүдээр хилийн цэргийн ангийн дөрвөн албан хаагч золгүй байдлаар нас барсан бөгөөд хоёр цэргийн үхлийг ихэд нууцалж байгаа талаар мэдээлээд байсан билээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Хилийн цэргийн 0275 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч моринд чирүүлж нас барсан гэсэн бол үлдсэн гурван албан хаагч нарын тухайд чөлөө авч, амарч зугаалж явахдаа золгүйгээр амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ наймдугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214 дүгээр ангийн ахлагч Ховд аймгийн Дөргөн нуурын хөвөөнд амарч явахдаа усанд осолдож амиа алдсан бол Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангид ажилладаг офицер залуу авто ослоор нас баржээ. Харин Хэнтий аймгийн Хилийн цэргийн 0287 дугаар ангийн алба хаагч мөн усанд осолдож амиа алдсан байна.
Тэгвэл тус хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас хэвлэл мэдээлэлд өгсөн тодруулгадаа, “Хилийн цэргийн алба хаагчидтай холбоотой харамсалтай хэргүүд гарсан нь үнэн. Эдгээр хэргийг нууж дарагдуулсан зүйл байхгүй. Алба хаагчдын ар гэр гачигдалтай байхад нэр, албан тушаалыг нь олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй гэж үзсэн. Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах хилийн цэргийн 0275 дугаар ангийн гэрээт хилчнээс бусад гурав нь албан ёсны ээлжийн амралтаа авч, зугаалж явахдаа золгүй явдлаар нас барсан. Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж яваагүй” гэсэн байна.