ТОЙМ: МУИС, ДХИС-ийн оюутнуудыг ургац хураалт дайчилж, албадлагын хөдөлмөр эрхлүүлэх үү

ТОЙМ: МУИС, ДХИС-ийн оюутнуудыг ургац хураалт дайчилж, албадлагын хөдөлмөр эрхлүүлэх үү

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2021.08.11/-т болсон Засгийн газрын хуралдаанаар, “МСҮТ-ийн суралцагч, оюутнууд, цэргийн алба хаагч болон ажил хайж байгаа хүмүүс ургац хураалтад цалинтай ажиллуулна” гэж шийдвэрлэсэн байгаа юм.  

-Л.ЭНХ-АМГАЛАН, Х.НЯМБААТАР НАРТ ДАВХАР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ-

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийх үеэрээ, оюутнуудыг хэрхэн ургац хураалтын ажилд оролцуулах талаар сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа, “Засгийн газрын тогтоол дээр Боловсролын сайд, Хууль сахиулахын сайд нарт давхар үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. Ингээд яам хоорондын зохицуулалтыг нь хийгээд ажиллах хүчин гаргана ” гэж мэдэгдсэн.

Тодруулбал, МУИС, МУБИС, ШУТИС зэрэг улсын их сургууль болоод цагдаагийн алба хаагчдыг бэлтгэдэг Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд ургац хураалтын ажилд түлхүү оролцох бололтой. Учир Л.Энх-Амгалан болон Х.Нямбаатар нарт Засгийн газрын тогтоолоор давхар үүрэг өгөгджээ. Харин их сургуулийн оюутнуудаар хүчээр хөдөлмөр эрхлүүлэх Засгийн газрын дээрх шийдвэрийг зарим иргэд шүүмжилж эхлээд байна. Учир нь “Албадлагын хөдөлмөр нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хуулиар хориотой. Монгол Улс дагаж мөрдөх үүрэгтэй” гэж буй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7.7.1 -д “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заажээ.

-УРГАЖ ХУРААЛТАД АЖИЛЛАХ ИРГЭДИЙН ЦАЛИН, УРАМШУУЛЛЫН ХАНШИЙГ ТОГТООГҮЙ БАЙНА-

Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, “ургац хураалтын ажилд 50 мянган төгрөгийн цалинтайгаар иргэдийг хамруулах” тухай ярьсан юм. Тэгвэл энэ шийдвэр хэзээнээс хэрэгжих болон цалин урамшууллын ханшийг баталсан эсэхийг ХХААХҮЯ-наас тодруулахад, “Иргэдэд олгох цалинг эцэслэн батлаагүй байна” гэлээ. Мөн “Засгийн газраас мэргэжлийн сургалт үйлдвэрийн коллеж, их дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарсан. Гэхдээ эдгээр иргэдийг дайчилж, үнэгүй ажиллуулна гэж ойлгож болохгүй” гэсэн юм.  

Тодруулбал, одоогоор аж ахуй нэгжүүдийн хувьд 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгааг салбарын сайд Засгийн газрын хуралдаанаар хэлсэн. Гэхдээ яам болон аж ахуй нэгжүүд санал хүсэлтээ солилцож албан байдлаар батлаагүй. Ямартай ч ирэх долоо хоногийн эхээр ургац хураалтад сайн дураар ажиллах хүсэлтэй иргэдийн тоо  болон цалин хангамжийг эцэслэн батлах аж.