Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар АН-ын бүлгийн 11, Н.Алтанхуяг, Т.Доржханд нарын 18 гишүүн ГАРЫН ҮСЭГ зуржээ

Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар АН-ын бүлгийн 11, Н.Алтанхуяг, Т.Доржханд нарын 18 гишүүн ГАРЫН ҮСЭГ зуржээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд зарим иргэд тийм ч таатай хандахгүй байгаа гэж хэлж болно. Тухайлбал, тэрээр “ковидгүй зун” гэж амласан ч иргэдийн дунд халдварын гаралт буурахгүй байгаа юм. Үүнийг зарим иргэд Ерөнхийлөгчийн сонгууль болоод олон зуун иргэнд төрийн одон медаль гардуулсантай холбоотой гэж тайлбарлаж буй.

Мөн Замын-Үүд боомтод ачаа тээврийн бөөгнөрөл үүсэж бүтээгдэхүүний үнэ өссөн, Эдийн засгийг сэргээх 10 их наяадын төлөвлөгөө нь зорилтод хүмүүстээ хүрч чадаагүй, Эмч нарын цалин, Шатахууны үнийн өсөлт, Хууль хяналтын байгууллагын алба хаагчид иргэдийн эрхэнд халдсан байж болзошгүй үйлдэл зэрэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН 11 ГИШҮҮН, МАН-ЫН БҮЛГИЙН ДӨРВӨН ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-

Иймд зарим иргэдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаасаа огцрохыг шаардах болсон. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах бичигт УИХ-ын 18 гишүүн гарын үсэг зураад байгаа бөгөөд тус үйл явдал үргэлжилж байгаа ажээ. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн, мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нараас гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах тухай” бичигт гарын үсэг зураад байгаа аж.  

Гарын үсэг зурах үйл явдал нь УИХ дахь АН-ын бүлгийн бланк дээр явж байгаа ажээ.

Мөн “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах тухай” бичгийг ирэх аравдугаар сард эхлэх УИХ-ын Намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Харин Засгийн газар болон УИХ-ын аль алинд нь яаралтай хэлэлцэж, батлуулах хууль байгаа тул ээлжит бус чуулганыг хуралдуулахаар ярилцаж эхэлсэн бөгөөд товыг хараахан гаргаагүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Иймд ээлжит бус чуулганы үеэр ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг албан ёсоор хөндөж магадгүй аж.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДӨРӨВНИЙ НЭГЭЭС ДООШГҮЙ НЬ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ТАВИНА ГЭЖ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААЖЭЭ-

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн тул, МАН-ын бага хурал хуралдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгосон. Улмаар тус намын их хурал удахгүй хуралдаж, МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах юм. Иймд Ерөнхий сайдыг огцруулах үйл явц МАН-ын Их хурлаас өмнө өрнөж магадгүй юм.

Тэгвэл Үндсэн хуулийн 43.2-д “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заажээ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ огцорсон тохиолдолд түүний танхимын сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг юм.

Мөн Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заажээ.

Тодруулбал, УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэж эхлэх ажээ. Ингээд УИХ-ын 39 болон түүнээс дээш тооны гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг дэмжвэл тэрээр албан тушаалаасаа огцрох ажээ.