МАН-ын залуусын хэрүүл, хагарал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бодлого зөрөлдөж эхэлснийг илтгэв

МАН-ын залуусын хэрүүл, хагарал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бодлого зөрөлдөж эхэлснийг илтгэв

-НАМРЫН УЛС ТӨРИЙН БИЕ ХАЛААЛТ НАМЗХ-НЫ ХЭРҮҮЛ,
“ЗОДООНООР” ЭХЛЭВ –

МАН-ынхан ойрмогхон нэлээн бужигнах болсныг өмнө нь мэдээлсэн. Уг бужигнаан үргэлжилж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хоёр талаасаа залуусаа турхираад эхэлсэн гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордонд яригдах болов. Энэ нь тэдний бодлого зөрөлдөж эхэлснийг илтгэхээс гадна МАН-ын намрын улс төр яаж өрнөхийг харуулж буй юм.  Үйл явдлыг тодруулбал, энэ сарын 17-нд буюу мягмар гаригт Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны /НАМЗХ/ Бага хурал цахимаар болохоор товлогдсон бөгөөд уг хурлыг 17 аймаг, долоон дүүргийн гишүүд нь эсэргүүцэж намын удирдлагууддаа “Хурлаа цахимаар биш танхимд хий. Танхимд хуралдахгүй бол оролцохгүй” гэсэн шаардлагыг хүргүүлжээ.

НАМЗХ хуралдах, хуралдахгүй нь зарим хүнд онц сонин биш байж болно. Гэхдээ өнгөц харахад энэ байгууллага нь ердийн нэг төрийн бус байгууллага мэт боловч төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар гээд бүгд энэ холбооны дарга байсан гэж бодохоор нам доторх нам гэж болно. Цаашлаад МАН-ын дараагийн боловсон хүчин энэ байгууллагаар дамжиж улс төрд бэлтгэгдэж буй. Мөн тус байгууллагын залуусын уур амьсгал, гаргаж буй шийдвэр ямар байна түүнээс хамааран “ах нар”-ын улс төр өрнөдөг. Тиймээс НАМЗХ-ны энэ өдрүүдийн “зодоон”-ыг  анхаарахгүй өнгөрч болохгүй.

-Н.УЧРАЛЫН БОДЛОГО НАМЗХ ДЭЭР ДЭМЖИГДЭХЭЭ БОЛЬСОН УУ-

Өнгөрсөн сард НАМЗХ-ны Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Оргилыг томилоод тарсан. Харин энэ сарын 17-нд /2021.08.17/ цахимаар хуралдах болсон нь Б.Оргилыг жинхлэх гол зорилготой аж. Гэтэл 17 аймаг, долоон дүүргийн гишүүд нь уг хурлыг цахимаар хийхийг эсэргүүцэж “Нүүр нүүрээ хараад ярих юм их байна. Сүүлийн үед болж буй үйл явдлыг НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал тайлбарлах ёстой. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг Удирдах зөвлөлийн хурлаар хүчиндэж биш Бага хурлаар томилох ёстой байсан. Одоо жинхлэх Бага хурлыг цахимаар биш танхимд хийх ёстой. Танхимд хуралдахгүй бол оролцохгүй. Удирдах зөвлөл Бага хурлынхаа дор үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл сүүлийн үед Удирдах зөвлөл Бага хурлаас давсан шийдвэр, үйл ажиллагаа явуулж дүрмийг зөрчих боллоо. Одоо ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлыг танхимд явуулж томилох ёстой. Аймгуудын төлөөллийг Удирдах зөвлөлд оруулахгүй байж хаа, хамаагүй JCI –ийн залуусыг оруулж байна. Б.Оргилыг дэмжихгүй” гэж байгаа аж.

Тэгэхээр Н. Учрал Бага хурлаа танхимд явуулахгүй бол ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, ирц бүрдэхгүй байх өндөр магадлалтай болжээ. Бага зургаар харвал энэ нь Н.Учралын бодлого НАМЗХ дээр “явахаа” больсныг илтгэж байна.

Үүнийг хэд, хэдэн үйл явдал илэрхийлнэ. Өнгөрсөн сард болсон НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ JCI холбоогоор овоглогддог Б.Золбадрах гэгчийг “шууд крандаж” нэр дэвшүүлсэн. Улмаар НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал түүнийг томилуулахаар тогтоол оруулж санал хураалгасан боловч 40 гишүүнээс 16 гишүүн нь дэмжиж 24 гишүүн нь эсрэг санал өгснөөр намын дарга, НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн бодлогыг унагаж орхисон гэдэг. Даргынхаа үгийг үг дуугүй дагадаг залуучууд “ийм намын бодлого байж болохгүй, НАМЗХ-нд зүтгэсэн олон мянган залуусаас яагаад Ерөнхий нарийн бичгийн дарга томилохгүй, дотроосоо дараа томилно, НАМЗХ-ныг огт мэдэхгүй JCI гэж байгууллагаас шууд орж ирээд Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж юу байдаг юм. Тэгвэл манайхаас нэг явуулаад JCI-ийн Ерөнхийлөгч больё л доо, тэгж болох юм уу” зэргээр маш хурцаар шүүмжилсэн байдаг.

Намын бодлогоо дэмжихийг учирласан Н.Учрал эцэстээ уурлаж “Та нар намайг дэмжихгүй бол Ерөнхийлөгчөөс огцруулаарай” гэхэд нь “тэгсэн ч яадаг юм” гэж үг сөргөөсөн ч бий. Ийнхүү нэлээд халуун хурал болж эцэстээ Н.Учрал өөрийн ойрын хүн болох Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан нь энэ юм. Н.Учралын хувьд НАМЗХ-ны аймгийн салбаруудыг дэмждэггүй бөгөөд боловсон хүчний бодлогод анхаардаггүй намд зүтгэсэн аймаг, дүүргийн залуусыг хаядаг зэрэг шүүмжлэлд өртөөд буй аж. Энэ эсэргүүцэл ч үүнтэй холбоотой гэх. 

Сүүлийн үед МАН ковидын шалтгаанаар ихэвчлэн цахимаар хуралдаж буй. Ингэхдээ хурц шүүмжлэл хэлдэг, өөр байр суурьтай гишүүдийнхээ микийг хааж үг хэлүүлэхгүй байгаа аж. Тиймээс цахимаар биш танхимд хурлаа хий гэж буй бололтой.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН 2015 ОНЫ
ЗОДООН ДАВТАГДАХ УУ-

Эл үйл явдлууд нь том зургаараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бодлого зөрөлдөж эхэлснийг илтгэнэ хэмээн МАН-ынхан өөр хоорондоо ярьж байна. Тодруулбал, намрын улс төрийн бие халаалт болгож залуучуудаа зодолдуулж эхэлснийг харуулж байна. Ерөөс МАН дотор ах нар нь алив ажлын өмнө дүү нараа хөдөлгөдөг уламжлалтай. Өнгөрсөн 2015 онд Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар ч ширүүхэн тэмцэлдэж байв. Өмнөх хурлын процессыг харсан ч МАН-ын залуучууд намын даргынхаа бодлогыг унагасан нь ердийн нэг санамсаргүй хэрэг биш. Энэ бүхний ард МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг байсан гэж гэж тусгаар Тогтнолын ордны тамхины цэг дээр ярьж байсан.

Д.Амарбаясгалан НАМЗХ-ны удирдах зөвлөлийг “хага базаж” намын даргын бодлогыг батлуулах бүрэн боломжтой. Гэтэл зүгээр орхисон нь “Надгүйгээр бодлого явахгүй шүү” гэж намын даргадаа өгч буй мессеж гэж улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байв. Юу болсон ч энэ нь жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх үйл явдал гэж хэлж болохоор байна.