Ургац хураалтын ажилд иргэдийг БҮРТГЭЖ эхэлжээ

Ургац хураалтын ажилд иргэдийг БҮРТГЭЖ эхэлжээ

Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг/2021.08.11/-ийн Засгийн газрын хуралдаанаар оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар болсон гэж мэдэгдсэн.

Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулах бөгөөд ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулж, өдрийн 50 мянган төгрөг болон түүнээс дээш байх боломжтой гэж мэдэгдсэн. 

Тэгвэл ургац хураалтад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн байна.

Тодруулбал, хамрагдах хүсэлтэй иргэд наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын залуучуудын холбооны төв байранд хүрэлцэн очиж, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзах, мөн цахим хаяг, утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой ажээ. 

Энэ жилийн хувьд цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байгаа аж. Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна.