Засгийн газрын 200 хоног маргааш тохионо

Засгийн газрын 200 хоног маргааш тохионо

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 200 хонох гэж байна.

Тодруулбал, 200 хоног энэ сарын 17-ны өдөр буюу маргааш /2021.08.17/ болох аж. Засгийн газрын 100 хоног өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр тохиосон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийнхээ хамтаар нээлттэй мэдээлэл хийж иргэд болоод сэтгүүлчдийн асуултад хариулсан билээ. 

Тэрбээр Ерөнхий сайдын ажлыг хүлээж авахдаа дөрвөн зорилт дэвшүүлсэн байдаг.

Тодруулбал

  • Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө /вакцинжуулалт болон бусад/
  • Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө /10 их наядын төлөвлөгөө. Ажлын байрыг дэмжих бага хүүтэй зээл/ 
  • Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо 
  • Шударга ёс, цахим засаглал /e mongolia/ 

Өнгөрсөн хугацаанд эдгээр ажлын эхлэл тавигдаж чадсан бөгөөд цаашид хэрхэн үргэлжлэх талаарх  дэлгэрэнгүй ярилцлагыг тэрбээр 200 хоногоо тохиолдуулан хэвлэлд өгөх аж. Мөн цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан шинэ менежмент хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авснаас хойших 200 дахь өдөр маргааш /2021.08.17/ тохионо. Эл Засгийн газар эхний 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнаж байсан билээ.

Харин 200 хоногт багтаан тавьсан зорилт, түүний хэрэгжилт болон үүнээс цааш төвлөрч ажиллах сегментүүдээ маргааш товчхон танилцуулах юм байна. Тухайлбал, 200 хоногоос цааш зөвхөн эдийн засгаа бодно гэж онцолжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар хоёр дахь 100 хоногтоо нийт хүн амын 61.5 хувийг вакцинд хамруулж, “Эрүүл мэнд+Эдийн засаг” төлөвлөгөөгөөр ажилласан. Тэгвэл ийн 200 хоногоос цааш энэ вакцинжуулалтын үр дүнд үндэслэн, зөвхөн “Эдийн засаг” төлөвлөгөөнд төвлөрөхөөр болжээ.