СХД-ийн нөхөн сонгуулиас Л.Гантөмөр татгалзаж, Ө.Шижир, Д.Мөнх-Эрдэнэ, З.Нарантуяа нар яригдаж эхэлжээ

СХД-ийн нөхөн сонгуулиас Л.Гантөмөр татгалзаж, Ө.Шижир, Д.Мөнх-Эрдэнэ, З.Нарантуяа нар яригдаж эхэлжээ

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг,  Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т УИХ-ын гишүүнийг сонгох нөхөн сонгууль болно. Иймд өнгөрөгч долоо хоногт улс төрийн намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулж, Сонгуулийн ерөнхий хороонд “сонгуульд оролцох хүсэлт”-ээ уламжилж, батламжаа гардаж аваад байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн гэх албаны мэдээлэл бий. Харин гол өрсөлдөөн МАН, АН-уудаас нэр дэвшигчдийн хооронд болох болов уу гэсэн таамаглал олон иргэдийн дунд байгаа юм. Иймд МАН-аас Хэнтий аймагт Н.Энхбаатар,Сонгинохайрхан дүүрэгт Ж.Сандагсүрэн нарыг дэвшүүлэхээр эхний байдлаар тохирсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

-ХЭНТИЙ АЙМАГТ НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЧ АМЖААГҮЙ БОЛ, СХД-Д НЭР ДЭВШИГЧИД НЬ ОЛОЖ БОЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл өчигдөр /2021.08.16/ АН-ын удирдлагын багийн хурал болж нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн талаар ярилцсан байна. Тодруулбал, Хэнтий аймагт НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Хэнтий аймгийн АН-ын хорооны дарга н.Алтангэрэл, н.Баярмөнх зэрэг хүмүүс нэмэгдэж нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн талаар ярилцсан байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид гурав болж, хэнийг нь дэвшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч чадалгүй таржээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Л.Гантөмөрийн нэр яригдаж байсан ч тэрээр саяхан нэр дэвшихээс татгалзсан байна.

Харин Хөх хотын Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ тус дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ аль эрт намынхаа удирдлагуудад уламжлаад байгаа ажээ. Гэтэл өчигдөр болсон хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижирийг Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ноос нэр дэвшүүлэх санал гаргажээ. Үүний цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгааг үгүйсгэхгүй. Мөн УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг дэвшүүлэх саналыг тус намын эмэгтэй гишүүдээс гаргасан байна.

Иймд АН-ын эв нэгдлийг хангах үүднээс ЕТГ-ын дарга асан Ө.Шижирийг дэвшүүлэх нь зөв гэж зарим гишүүд нь үзсэн бол, Д.Мөнх-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарын улс төрийн тойрогт, тэдний багтай нягт өрсөлдөж чадна гэж зарим гишүүд дэмжжээ. Харин З.Нарантуяаг парламентын гишүүний туршлага зааж, МАН-ын нэр дэвшигчээс ялгарч чадна гэж эмэгтэй гишүүд зүтгүүлсэн байна. Харин тус хурлын үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр тэргүүтэй тус намын удирдлагууд “хэнийг ч дэвшүүлж болно” гэснээр энэ олон нэр дэвшигчдээс хэнийг нь дэвшүүлэхээ шийдэж чадалгүй, хурал нь өндөрлөсөн ажээ.

-НӨХӨН СОНГУУЛИЙН АЛЬ НЭГЭНД НЬ ЗААВАЛ ЯЛАХ ЁСТОЙ ГЭЖ ЯРИЛЦЖЭЭ-

Мөн АН-ын удирдлагууд “энэ удаагийн нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нь заавал ялалт байгуулах ёстой” гэж ярилцсан аж. Учир нь 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам навс ялагдал хүлээсэн. Иймд нэр дэвшигчдэд тавих шаардлагаа өндөрсгөж, шаардлагад нийцсэн нэг нэр дэвшигчээ ҮБХ-ны хуралдаа оруулж батлуулъя гэсэн санал ч гарч, тодорхой шийдэлд хүрээгүй таржээ.