ХАВТАС ХЭРЭГ: Хүн амины хэргийг шалгаж байсан мөрдөгч СЭЖИГТНЭЭС хахууль авч, ял сонсжээ

ХАВТАС ХЭРЭГ: Хүн амины хэргийг шалгаж байсан мөрдөгч СЭЖИГТНЭЭС хахууль авч, ял сонсжээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасан үүргээ зөрчин, хүн амины хэргийг мөрдөх явцдаа хахууль авсан цагдаагийн албан хаагчийн хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдөр шүүхээр шийдэгджээ.

-ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН МӨРДӨН БАЙЦААГЧ СЭЖИГТЭНД “АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛЭЭР ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРНА. ТЭГЭХЭЭР ЧИ ГАРЧИХНА” ГЭЖ АМЛАЛТ ӨГСӨН ГЭВ-

Хэргийг тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д-той маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, хүн амины хэрэг үйлджээ. Ийнхүү хүн амины хэрэгт холбогдон, сэжигтнээр татагдан шалгагдаж байхдаа хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч М-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь унаж эзэмшдэг “Ниссан теана” маркийн тээврийн хэрэгсэлд 160.000 төгрөгийн үнэ бүхий дөрвөн ширхэг дугуй, 170.000 төгрөгийн үнэ бүхий аккумулятор зэргийг хахууль болгож өгсөн байна.

Энэ талаар хэргийн мөрдөн байцаалтын явцад хахууль авсан гэх ахлах мөрдөгч М “Ч миний машиныг угааж, авч явж байх хугацаандаа дөрвөн дугуй, машины аккумулятор зэргийг сольсон юм байна лээ. Машины аккумуляторыг Ч сольсныг хэрэг шүүхэд шилжиж байхад буюу 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр мэдсэн. Тэр үед Ч шүүхээр ял аваад явсан учир тэгсгээд өнгөрсөн. Машины дугуйг сольсон эсэхийг би мэдээгүй байсан” гэж мэдүүлжээ.

Харин түүнд хахууль өгсөн Ч “Намайг хүн амины хэргээр Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад ахлах мөрдөгч М “чиний хэргийг болгоомжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болгоно. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилээр өршөөлийн хууль гарна. Тэгэхээр чи гарчихна шүү дээ” гэсэн амлалт өгдөг байсан. Хэрэгт шалгагдаж байхад буюу намайг Цагдаагийн хэлтэс дээр цагаа бүртгүүлдэг байх хугацаанд мөрдөгч М надаар машинаа угаалгаж цэвэрлүүлдэг байсан юм. Энэ үед машин нь заримдаа асна, заримдаа асдаггүй. Гэтэл нэг өдөр “машины аккумулятор муудсан юм шиг байна чи надад нэг аккумулятор аргалаад зохицуулаадах” гэсэн.

Тэгэхээр нь миний хэргийн зүйлчлэлийг “болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон” болгож өөрчлөх байх гэж бодоод хуучин аккумулятортай яг адилхан ампер цагтайг 170.000 төгрөгөөр авч өгсөн. Үүний дараа М байцаагч надад хандаж “миний машины дугуй муудаад халцарсан байна, сая машин мөргөхөө шахлаа. Чи энэ дөрвөн дугуйг сольчхоорой” гэж хэлсэн. Би Да Хүрээ захын ойролцоох контейнероос дөрвөн ширхэг орж ирсэн дугуй 160,000 төгрөгөөр аваад М-ийн машинд нь Налайхын ойролцоо байх дугуй засварын газарт солиулж өгсөн” гэж мэдүүлжээ.

-ХАХУУЛЬ ӨГСӨН ИРГЭН Ч БОЛОН ХАХУУЛЬ АВСАН АХЛАХ МӨРДӨГЧ М НАРТ ХОЁУЛАНД НЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ-

Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөгч М нь шүүгдэгч Ч-ээс албан үүргээ хэрэгжүүлсний төлөө өөрийн эзэмшдэг автомашинд 330 мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авах талаар санал тавьж, улмаар авсан болох нь тогтоогдсон байна. 

Улмаар шүүхээс цагдаагийн мөрдөгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө  хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн хэрэгт,

Харин хахууль өгсөн гэх Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

  • Тодруулбал, мөрдөгч М-ын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж 6000 нэгж/ зургаан сая төгрөг/-ээр торгох ялаар ,
  • Харин шүүгдэгч Ч-д нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж 2700 нэгж/хоёр сая долоон зуун мянган төгрөг/-ээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч нь уг хэргээр шалгагдаж байх явцдаа хүн амины хэргээр ял эдэлж байсан тул 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 17 хоногийн хорих ял дээр 2700 нэгжтэй тэнцэх торгох ялыг/ 2700: 15=180 / 180 хоног буюу 6 сарын хорих ялаар дүйцүүлэн нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 11 сар 17 хоногоор тооцож, эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн мөрдөн байцаагч М-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Төрийн санд төлсөн гэх 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар улсын орлого болгосон байна.