Архангай аймгийн засаг даргаар М.Батжаргалыг дэмжжээ

Архангай аймгийн засаг даргаар М.Батжаргалыг дэмжжээ

Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж ялалт байгуулсан.

Тэгвэл долдугаар сарын 20-ны орой 19:00 цагт Архангай аймгийн ИТХ хуралдаж тус аймгийн засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч Д.Золжаргалыг засаг даргын албан тушаалаас нь огцруулах саналыг ээлжит бус хуралдаа оруулж хэлэлцүүлсэн байдаг.

Ингээд хуралд оролцсон 39 төлөөлөгчийн 21 нь буюу 53,8 хувь нь тус саналыг дэмжсэн, дээрх 21 төлөөлөгчид дотор 18 нь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч, гурав нь АН-ын төлөөлөгч байсан байдаг.

Тэгвэл өчигдөр /2021.08.17/ тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Мишка овогтой Батжаргалыг Архангай аймгийн Засаг даргаар томилохыг 60,5 хувийн саналаар дэмжсэн байна. М.Батжаргал нь Д.Золжаргалаас өмнө Архангай аймгийн АН-ын хорооны дарга гэсэн албан тушаалыг хашиж байжээ. Харин ИТХ-ын дээрх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, тус аймгийн засаг даргыг томилох учиртай юм.