МАХН-ын квотоор Э.Батшугар, "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзоригийн Дашням, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах нар НАМЗХ-ны УЗ-д оржээ

МАХН-ын квотоор Э.Батшугар, "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзоригийн Дашням, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах нар НАМЗХ-ны УЗ-д оржээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Бага хурал өчигдөр /2021.08.18/ цахимаар хуралдсан. Тус хурлыг цахимаар хийхийг зарим аймаг, дүүргийн салбар хороод эсэргүүцэж зөрчил үүссэн ч эцэстээ ойлголцож ийнхүү хуралджээ. НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учралын хувьд гишүүддээ хандан ирэх аравдугаар сард танхимаар хуралдана хэмээн ярилцаж ойлголцжээ.  Энэ талаарх болон хурлаар хэлэлцсэн асуудлын дэлгэрэнгүй, хөшигний ард ямар үйл явдал болсон тухай мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. 

Бага хурлаар шийдвэрлэсэн асуудлаас заримыг дурдвал ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Оргилыг батламжилжээ. 

Тодруулбал, өнгөрөгч долдугаар сарын 29-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг чөлөөлж оронд нь Б.Оргилыг нэр дэвшүүлэн үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан билээ.

Тухайн үед МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Б.Золбадралыг, НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очирбаярыг нэр дэвшүүлсэн ч аль аль нь дэмжигдэлгүй, зөрчилдөөн үүссэн. Улмаар УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Б.Оргилыг оруулж ирсэн байдаг. Харин НАМЗХ-ны залуус Б.Оргилыг МАН-д зүтгээгүй JCI байгууллагын төлөөлөл хэмээн дургүйлхэж эсэргүүцсэн гэх бий. 

Түүнээс гадна өчигдрийн хуралдаанаар НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. Үүнээс МАХН-д 16 квот өгчээ. Уг квот дээр Энхбаярын Батшугар, "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзоригийн Дашням, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах нарын тэргүүтэй залуус НАМЗХ-ны Удирдах зөвлөлд сонгогдож оржээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн хуралд намын удирдлагууд болон гишүүд хөндлөнгөөс оролцож ойлголцохгүй маргаантай асуудлыг шийдвэрлэсэн аж.