ХӨШИГНИЙ АРД: МАН-д зүтгэж байхаар МАХН-д элссэн бол дэмжигдэх байж хэмээн уурлажээ

ХӨШИГНИЙ АРД: МАН-д зүтгэж байхаар МАХН-д элссэн бол дэмжигдэх байж хэмээн уурлажээ

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН, Х.НЯМБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР НАР ЗАЛУУС РУУГАА УТСААР ЯРЬЖ БАЙЖ НАМЗХ-НЫ БАГА ХУРЛЫГ ХУРАЛДУУЛЖЭЭ-

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны /НАМЗХ/ Бага хурлын үеэр МАН-ын залуус “Намдаа зүтгэж байхаар МАХН-ын гишүүнээр элссэн бол дэмжигдэх юм байна” гэсэн хатуу, ширүүн шүүмжлэлийг хэлжээ.

Үйл явдлыг тодруулбал,

Тус холбооны ээлжит Бага хурал энэ сарын 17-ны өдөр цахимаар хуралдсан. Хурлыг цахимаар хийхийг 12 аймаг, таван дүүргийн салбар зөвлөл нь эсэргүүцэж холбооны ерөнхийлөгч Н.Учралд хандан бөөн бичиг цаас шидэлсэн байдаг. Тодруулбал, тэд “Хурлаа танхимд хуралдуулья. Нүүр, нүүрээ хараад ярих юм их байна. НАМЗХ-ны удирдлагууд сүүлийн үед дүрэм зөрчиж Удирдах зөвлөлөөр Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон болон бусад асуудлаар тайлбар хийх хэрэгтэй. Хэрвээ танхимд хийхгүй бол бид оролцохгүй. Энэ хурлыг чинь эсэргүүцнэ”  гэж маргасан юм.

Харин НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учралын хувьд салбар зөвлөлүүдээс ирүүлсэн “Хуралдаа оролцохгүй шүү” гэсэн бичгийг “Хүлээж авахгүй эх хувиар нь авчирч өг” гэжээ.

Ийнхүү маргаан хурцдаж асуудал биш тийшээ хандахад эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ө.Энхтүвшин, Т.Аубакир нар аймаг, дүүргийн салбар зөвлөл рүү ярьж “Хурлаа хийчих. Асуудал байвал дараа нь шийд” зэргээр учирлаж байж арай хийн хурлыг хуралдуулжээ. Ингээд ч шууд хуралдаагүй бөгөөд маргалдагч хоёр талаас ажлын хэсэг уулзан ирэх аравдугаар сард Бага хурлаа танхимдаа хуралдуулахаар тохирч, 8 аймаг, гурван дүүргээс ямар асуудлыг энэ Бага хурлаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа бичиж албан бичгээр өгчээ. Ямартай ч том “ах нар”-ынхаа оролцоо болон тохирооны эцэст нь НАМЗХ Бага хурлаа хуралдуулсан нь энэ.

Хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Оргилыг батламжилсан  юм. Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох эрх мэдэл нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учралд бий. Тиймээс Н.Учралын сонгосон хүнийг үг, хэлгүй дэмжээд батламжилжээ.  Үүний дараа НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон. Үүнээс МАХН-д 30 хувь буюу 16 квот өгчээ.

-АЙМГИЙН ЗАЛУУСАА ДЭМЖЭЭГҮЙ БАЙЖ БАЯЧУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ УДИРДАХ ЗӨВЛӨЛД ОРУУЛЛАА ГЭСЭН ХАТУУ ШҮҮМЖЛЭЛ БОЛЖЭЭ -

Уг квот дээр Энхбаярын Батшугар, "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзоригийн Дашням, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах, Инфлүүзэр Г.Анархүү, “Хас” Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзориг, ZU клубын захирал М.Мөнхтүвшин нарын тэргүүтэй залуус НАМЗХ-ны Удирдах зөвлөлд сонгогдож оржээ. Мөн төрийн албан хаагч болсон дөрвөн залууг Удирдах зөвлөлөөс чөлөөлжээ. Тус дөрвөн залуу “Бидний орон тоон дээр аймгийн НАМЗХ-ны залуусаа оруулбал ямар вэ” гэжээ.

Гэтэл аймгийн залуусыг Удирдах зөвлөлд оруулахыг бүү хэл Бага хурлаар хэлэлцүүлэхээр  өгсөн шаардлагуудыг нь ч хэлэлцэлгүй бусад асуудлаа “машиндсан” гэх.

Тус хурлын нэг онцлог нь үг хэлэх, дуу хоолойгоо илэрхийлэхийг боогоогүй чөлөөтэй байсан гэх. Энэ ч үүднээс гишүүд нь үгээ чөлөөтэй хэлж “МАХН-ын квотоор баячуудын хүүхдүүд Удирдах зөвлөлд орж байна. МАН-д олон жил зүтгэсэн аймгийн залуусаа дэмжээгүй мөртлөө баячуудын хүүхдүүдийг удирдах зөвлөлд орууллаа. НАМЗХ-ны 21 аймаг, есөн дүүрэг салбар зөвлөл нь тус байгууллагыг институдын хэмжээнд байлгадаг. Бид нар МАН-д зүтгэж байхаар МАХН-д элссэн нь дээр байжээ. НАМЗХ МАХН-ын асуудлыг шийдэхийн тулд хуралддаг болжээ” гэх зэргээр уурласан байна. Харин НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал хариуд хоёр зүйлийг буюу ирэх аравдугаар сард танхимд Бага хурлаа хийнэ. Түүгээр асуудлыг хэлэлцэнэ. Мөн 2020 оныг аймгийн залуусаа дэмжих жилд  болгоно” гэх зэргээр амлажээ. Харин аймгийн салбар хороодын гишүүд нь түр ам хаасан амлалт байна. Хуураад өнгөрлөө. Дахиж хуралдаж аймгийн залуусаа дэмжинэ гэдэг худал” гэх зэргээр ярилцсан байна.

ДҮГНЭЛТ:

МАН-ын удирдлагууд хагарлаа ил болгохгүйн тулд залуусаа базаж түрдээ гал намжаах хурлыг хийв. Ирэх аравдугаар сард НАМЗХ болон намын Бага хурал хуралдана. Энэ уур амьсгалаар намын Бага хурлыг ч зохион байгуулж чадах уу гэдэг асуулт гарч ирж байна.