УИХ-ын дарга Г.Занданшатар 76 ширхэг бөмбөг захиалжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 76 ширхэг бөмбөг захиалжээ

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзахдаа монгол сарлагийн ширээр хийсэн бөмбөг бэлэглэсэн.

Тэрээр "Энэ бол “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын брэнд бүтээгдэхүүний нэг бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн" хэмээн танилцуулсан юм.

Энэ нь УИХ-ын даргад бөмбөг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах сэдэл өгсөн бололтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2021.08.19/ монгол сарлагийн ширийг боловсруулан хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж буй “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус үйлдвэрийн менежер Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргыг угтан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулсан байна. Монгол малын арьс, ширийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг тус хамт олон тавьж, 2017 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна.

Одоогоор ямар ч боловсруулалтгүй, хаягдал болж буй сарлагийн ширийг ийнхүү малчид хоршоогоор дамжуулан стандартын дагуу бэлтгэж, нэмүү өртөг шингээж чанарын өндөр түвшинд, гарал үүслийн баталгаажуулалттай, олон улсын стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа “Монгол бөмбөг” үйлдвэрийн хамт олонд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, амжилт хүсжээ.

Энэхүү үйлдвэрлэл нь малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон ажлын байрыг бий болгож байгаа ач холбогдолыг онцлон тэмдэглээд, үйлдвэрлэлийг нь дэмжих үүднээс 76 ширхэг бөмбөг захиалсан байна.

“Монгол бөмбөг” үйлдвэрт одоогоор есөн хүн ажилладаг бөгөөд нэг бөмбөгийг нэг өдөрт гараар оёдог аж. Тус үйлдвэр өнөөдрийг хүртэл 500 орчим бөмбөгийг захиалгаар үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэжээ.