Л.Түвшинжаргалыг Сан Францискод, Ц.Ганзоригийг Чикагод суух дэд консулаар томилно

Л.Түвшинжаргалыг Сан Францискод, Ц.Ганзоригийг Чикагод суух дэд консулаар томилно

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга асан Ц.Ганзориг болон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Шадар туслахаар ажиллаж байсан Л.Түвшинжаргал нарыг дипломат албанд томилж байгаа аж. Тодруулбал, Л.Түвшинжаргалыг Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын дэд консулаар саяхан томилсон байна. Тэрбээр ажилдаа оржээ. 

Харин Ц.Ганзоригийг Чикаго хотод суух Ерөнхий консулын газрын дэд консулаар томилохоор бэлдэж байгаа аж. 

Ц.Ганзоригийн хувьд 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үеэс өнгөрсөн сар хүртэл /2021.07/ Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн коронавирусийн цар тахлын халдварын онцгой нөхцөлд Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгчөөр хариуцлагатай сайн ажилласан гэж олон нийт дүгнэдэг. 

Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилно эсвэл гадаадад сурна гэх мэдээлэл байсан ч ийнхүү дипломат албанд ажиллах бололтой.  Тэрбээр инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд Эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байжээ. 

Харин Л.Түвшинжаргалын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын эртний хамтрагч. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд нь Шадар туслахаар нь ажиллаж байсан.

Өнгөрсөн хавар түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны хоёр сарын 25-ний өдрийн 15-р тогтоолд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах асуудлыг оруулж ирсэн. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар зогссон юм.