Химийн шалгалтын материалыг задруулсан сурагчийг хайж байна

Химийн шалгалтын материалыг задруулсан сурагчийг хайж байна

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-нөөс 22-ны өдөр зохион байгуулахаар болсон. Өчигдөр түүхийн хичээлээр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.20/ химийн хичээлээр үргэлжилж байна. Тэгвэл химийн шалгалтын материалын зургийг гар утсаараа авч олон нийтэд задруулсан хэрэг өнөөдөр гарлаа.       

Тус сурагч нь химийн шалгалтын материалын зургийг авч олон нийтийн сүлжээнд тавин бусдын тусламжийг хүсчээ. Угтаа бол тус шалгалтад ном, дэвтэр, гар утас, тооны машин, дуу хураагуур зэргийг авч орох хориотой. Тэгэхээр тус хүүхдийг шалгалтын дүрэм зөрчсөнөөс гадна байгууллагын нууцад халдаж, материал задруулсан гэж үзэн яаралтай олохоор Боловсролын үнэлгээний төвөөс  хяналт, шалгалт хийж байгаа аж. 

Одоогоор тухайн сурагч Улаанбаатар хотын шалгуулагч болохыг тогтоосон. Харин аль сургууль дээр шалгалт өгснийг нь тогтоогоогүй байна. Ямартай ч тухайн шалгуулагчийг олж, шалгалтын материалыг хүчингүй болгож, хариуцлага тооцно. Мөн тухайн шалгалтын байранд ажиллаж буй хянагч нарт ч хариуцлага хүлээлгэх аж. 

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.