Ц.Нямдорж Ерөнхий прокурор, Н.Энхбаяр Шадар сайд болох хувилбар яригдаж байна

Ц.Нямдорж Ерөнхий прокурор, Н.Энхбаяр Шадар сайд болох хувилбар яригдаж байна

Н.Энхбаяр намаа татан буулган байж У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихдээ МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл, Засгийн газар, яамд тэр бүү хэл Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг шат, шатны байгууллагад 30 хувийн квот авна гэж тохирсон гэх мэдээлэл эртнээс яригдсан. Тохироо ёсоор МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, НАМЗХ-д 30 хувийн квоттой болсон бөгөөд одоо Засгийн газрын бүтцэд багтахаар яаравчилж буй талаар улс төрийн хүрээнд ярьсаар л байна. Ямартай ч Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн бүтцэд МАХН-аас хүн багтаахгүй гэж гүрийж байгаа гэх.

-ЗГХЭГ-ЫН ДАРГААР С.АМАРСАЙХАНГ ТОМИЛЖ, ТҮҮНИЙ АЛБАНД Н.ЭНХБАЯР ТОМИЛОГДОХ УУ-

Харин УИХ-ын намрын чуулган эхэлсэн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж магадгүй байна. Уг бүтцийн өөрчлөлтөөр МАХН-аас хоёр сайдыг Засгийн газарт оруулна гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга /ЗГХЭГ/ Ц.Нямдоржийг Улсын Ерөнхий прокуророор томилж түүний албан тушаалд Шадар сайдаар ажиллаж буй С.Амарсайханыг томилох хувилбар яригдаж байгаа аж. Харин Шадар сайдад Н.Энхбаяр томилогдож магадгүй. Энэ бол яригдаж буй хувилбар бөгөөд МАХН-аас Засгийн газарт багтах бас нэг хүн нь Б.Тулгат байх бололтой. Түүнийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилохоор ярилцаж байгаа гэх мэдээлэл байна.

Цаашлаад Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээврийн сайд Л.Халтар зэрэг 3-4 сайдыг солих эсвэл сэлгүүлэн томилох зэрэг хувилбарыг хөшигний ард нууцхан ярилцаж байгаа аж.

Энэ тухай янз бүрийн таамаг бүхий мэдээлэл өнгөрсөн зургадугаар сараас хойш явсан. Энэ бүхний эцэст Засгийн газарт ямар нэгэн өөрчлөлт оруулах нь цаг хугацааны асуудал боллоо. Коронавирусийн цар тахлын халдварын нөхцөл байдал, эдийн засаг, ачаа тээврийн тулгамдсан асуудал зэргээс болж олон нийт бухимдаж Засгийн газрыг огцруулах тухай байнга ярьж  буй. Үүн дээр сөрөг хүчин ажиллаж албан бланк дээрээ Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор 10 гаруй гишүүн зурсан гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдсэн. Мөн ойрхноос МАН-ынхан дотооддоо битүүхэн муудалцаж эхэлсэн ч энэ мэт хэл амаа дарахын тулд Л.Оюун-Эрдэнэ яалт ч үгүй Засгийн газартаа өөрчлөлт оруулж түр гал намжаахаас өөр аргагүй болоод буй.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ -

2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болсон. Энэ дагуу Засгийн газарт өөрчлөлт оруулахдаа;

Үндсэн хуулийн 39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ. Мөн хуулийн 39.4-д Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэсэн заалтыг баримтлах юм.