“Шангри-ла” зочид буудалд нас барсан АНУ-ын иргэний хэргийг хаажээ

 “Шангри-ла” зочид буудалд нас барсан АНУ-ын иргэний хэргийг хаажээ

АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан хэрэг өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр гарсан байдаг.

Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын ... тоот өрөөнд байрлаж байсан АНУ-ын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байсан талаар мэдээлэл цацагдаж байв.

Мөн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын нас барсан иргэн нь зочид буудлын өрөөний хувцасны шүүгээний догол төмрөөс өөрийн өмсөж байсан өмдний тэлээгээр хоолойгоо боомилсон байсныг мэдээлж байсан. Хэргийн дуудлага мэдээллээр цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудалласан өрөөнөөс хоёр шил шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч нотлох баримтад хавсарган шалгалтын ажиллагааг эхлүүлж байсан юм.

Нас барсан иргэн нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай, эрэгтэй М.К.Стюьарт гэгч байсан бөгөөд тэрээр АНУ-ын тагнуулын тусгай ажилтан, цэргийн командлагч учир прокуророос хэргийн харьяаллыг Тагнуулын ерөнхий газарт тогтоогоод байсан. Тэгвэл энэ хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, АНУ-ын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт амь насаа алдсан гэх хэргийг албан ёсоор гадны нөлөө тогтоогдоогүй тул хаажээ.

У.УРАНЦЭЦЭГ