ТОДРУУЛГА: “Андлалын өргөө”-г барьсан “Хос Санаа” ХХК улсыг хохиролгүй болгож, мөнгөө буцааж төлсөн

ТОДРУУЛГА: “Андлалын өргөө”-г барьсан “Хос Санаа” ХХК улсыг хохиролгүй болгож, мөнгөө буцааж төлсөн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолбор гэх байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаад буй.

Тус “Андлалын өргөө”-ний зураг төслийг “Классик Хаус” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хос Санаа” ХХК ажиллажээ.

Харин цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг. Харин өдгөө цогцолборын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, барилга байгууламж нь эвдэрч, сүйдэн “балгас” мэт болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүмжлэлд өртөөд буй.

Иймд бид улс 2 тэрбум төгрөгөөр хохироод байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Андлалын өргөө цогцолборын төсөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд анх танилцуулагдсан шигээ хийгдээгүй. Ийм төслийг зогсоосон. Мөн “Хос Санаа” ХХК улсыг хохиролгүй болгож, мөнгөө буцааж төлсөн. Бас тус компани Сангийн яамны “хар жагсаалт”-нд орсон. Харин удахгүй дахин тендер зарлаж, хувийн аж ахуй нэгжүүдийг тус цогцолборын ажилд оролцуулахаар болсон. Удахгүй БОАЖ-ын сайд Ц.Уртнасан тус газарт ажиллахаар төлөвлөөд байгаа. Энэ үеэр цогцолборыг үргэлжлүүлж барих аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж магадгүй” гэсэн юм.

Мөн “Андлалын өргөө”-г сошиалд шоглох болсон тул оюуны өмчийн маргаан өрнөж магадгүй болоод буй. Энэ талаар Энэ талаар засаг дарга Ц.Идэрбат хэвлэлд өгсөн тайлбартаа, “Тус хөшөөнд оюуны өмчийн маргаан өрнөж магадгүй болчихоод байна. “Андлалын өргөө”-ний зураг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэнэбат агсны бүтээл. Уг хөшөөний зургийг сошиалд тавьж янз бүрээр тайлбарлаж байна. Дутуу барилгын зургийг сошиалд тавиад санаатай, санамсаргүйгээр оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаа нь талийгаачийн гэр бүлд нь эмзэг туссан юм шиг байна. Иймд энэ хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулах сонирхол нь буурсан юм шиг байна лээ” хэмээжээ.