Ард санхүүгийн нэгдлийн хэвлэлийн бага хурлаас онцлох 5 эшлэл

Ард санхүүгийн нэгдлийн хэвлэлийн бага хурлаас онцлох 5 эшлэл

Ард Санхүүгийн Нэгдэл өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн холбоотой асуудлуудаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр Ард Санхүүгийн нэгдэлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  1. Өнөөдөр хувьцааны арилжаанд юу болосон бэ гэхээр нийт 4.8 тэрбум төгрөгөөр хамгийн том хувьцаа эзэмшигч байсан хүнээс хувьцаагаа 9600 төгрөгөө эргүүлж авах блок арилжаа хийгдсэн. Үүнийг зах зээл нэлээн нааштайгаар харж, зарах захиалга өгсөн хүн байхгүй болж өчигдөр 7180 төгрөг байсан нэгж хувьцааны үнэ өнөөдөр 8175 төгрөг дээр хаагдсан. Дээд тал нь 8200 төгрөг хүрсэн. Энэ чиг хандлага цаашаа үргэлжилнэ.

Тайлбар: Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа энэ жил дээд тал нь 12750 төгрөг хүрсэнтэй харьцуулахад өнөөдрийн хувьцааны ханш нь бага тогтож байгаа юм. Гэсэн ч хувьцааны ханш нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад долоо дахин өсөлттэй байгаа юм.

       2. Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны үнэлгээ бидний харж буйгаар 20000 төгрөг байгаа. Бид оны эхний хагаст 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 200 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компанид ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд байхад наадмаас хойш үнэлгээ нь хэвээрээ хувьцаа нь зарагдаад байсан нь гажуудал байсан. Үүнд том хөрөнгө оруулагч маань мөнгөний хэрэгцээ гарсан учраас хувьцаа зарж байсантай холбоотой.

Тайлбар: Ард санхүүгийн нэгдлийн хагас жилийн тайланд дурдсанаар компанийн нэгж хувьцааны үнэлгээг 16000 төгрөг орчим гэж үнэлсэн байдаг. Үүнийг зарим хүн компанийнхаа үнэлгээг хиймлээр өсгөж харуулсан гэж үзэж байсан юм. Харин үнэлгээнд яагаад зөрүү гарсанд Ч.Ганхуяг захирал үндэслэлтэй хариулт өгч байгаа энэ бололтой. Харин энэ удаад хувьцаагаа буцаан худалдан авах ажиллагаа дууссанаар хувьцааны үнэ эргэн өсөх замдаа орж байгааг тэрбээр энэ үгээрээ цохон тэмдэглэжээ.

      3. Ард койны тухайд өнгөрсөн жилийн өдийд гурван төгрөг байсан бол өнөөдөр 132 төгрөг байна. 40 дахин өссөн гэсэн үг. Үүнийг дэлхийд зүйрлэх хөрөнгө оруулалт өөр байхгүй. Биткойн, этериүм, төдийгүй Теслагийн хувьцаатай ч зүйрлэх арга байхгүй.

Тайлбар: Цахилгаан автомашины үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 75 хувийн өсөлт үзүүлсэн байна. Ханшийн хамгийн оргил үеийг (2021.01.08) өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 дахин өссөн байдаг. Ард койны ханш энэ оны тавдугаар сарын гурванд 475 төгрөг хүрсэн нь түүхэн дээд ханш байсан юм. Тус койны ханш тухайн үед жилийн 475 дахин өсөлт үзүүлсэн юм.

       4. Ард койныг дагаад дараа дараагийн койнууд гарч ирсэн. Хүмүүс ард койноос хоцорсон учраас шинэ койнууд дээр орж ашиг хийе гэж бодож байгаа байх. Гэхдээ бидний 4-5 жил ажилласан хөдөлмөр ард нь байгаа учраас үнэ ханш бидний зорьж байгаа түвшинд хүрнэ гэж харж байгаа. Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн өргөн хүрээнд арилжаалагддаг койн.

Тайлбар: Ард койныг Ард Санхүүгийн Нэгдэлийн харилцагчдыг урамшуулал болгон олгож эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх харилцагчид нь анх үнэгүй эзэмшиж эхэлсэн. Харин уг урамшууллын оноог хэрэглээнд улам өргөнөөр нэвтрүүлэх боломжуудыг эрэлхийлж, хөгжүүлснээр Ард койн нь олон улсын бирж дээр арилжигддаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадсан билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Ч.Ганхуяг наймдугаар сарын сүүлээр дахин нэг шинэ том мэдээлэл задална хэмээн дуридлаа .