Гишүүдийн кноп гацсан асуудлаар технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

Гишүүдийн кноп гацсан асуудлаар технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит бус чуулган хоёр хоног хуралдаж чадахгүй гацсан. Ингээд бөөн асуудал болсны дараа буюу өчигдөр гишүүдийн ирц бүрдэж чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх гэтэл гишүүдийн нэр өгөх товчлуурт техникийн саатал гарсан юм.

Ц.БОРХҮҮ НЬ ЭЭЛЖИЙН АМРАЛТТАЙ БУС ТҮР ЧӨЛӨӨТЭЙ БАЙЖЭЭ

Үүнд УИХ-ын гишүүд бухимдаж “Чухал асуудал хэлэлцэх гэж байхад хариуцлагагүй байна. Арай гэж ирц бүрдэж байхад ийм хариуцлагагүй байж болохгүй. УИХ-ын дарга энэ асуудлаа шийдвэрлэхгүй яасан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг битгий хэлэлц гэж бурхан хэлж байна. Болохгүй  болохоор нь бурхан харж байгаа. Текникийн саатлыг янзалсны дараа Үндсэн хуулиа хэлэлцье. Тэгэхгүй бол зарим нэгнийх нь саналыг хасах юм байна. Техник хэрэгслээ янзалж байж хуралдахгүй бол хурал биш холион бантан боллоо” зэргээр шуугилдсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  “Эрх баригчид ирцээ бүрдүүл. Та нарыг зунжин хүлээлээ. 10.00 цагт эхлэх чуулган 12.00 цаг өнгөрч байхад эхэллээ” гэж уурлав.

Уг шуугианы дундуур УИХ-ын дарга Г.Занданшатар “Техникийн хэлтэс энэ саатлаа янзал. Дандаа ийм асуудал гаргаж байдаг. Ирц бүрдэхээр зориуд үймүүлж байна. Үүнийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй” гэж хэлсэн юм. Энэ үед УИХ-ын тамгын газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүгийн утас руу залгахад утас нь салгаастай байсан нь түүнийг ингэж хэлэхэд нөлөөлжээ. Нэгэнт Ц.Борхүүгийн утас холбогдохгүй шуурхай засаж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг үдээс хойш хүртэл хойшлуулсан.

Энэ мэт асуудлаас техникийн саатал гарсны дараа Тагнуулын Ерөнхий газрынхан УИХ-ын тамгын газрын техник мэдээллийн хэлстийн дарга Ц.Борхүүг шалгаж эхэлсэн байна. Үнэхээр техникийн саатал байсан уу эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа болов уу гэдгийг Тагнуулын ажилчид шалгаж тогтоох биз.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Борхүү нь түр чөлөөтэй байжээ. Үүнийг ч УИХ-ын тамгын газрын дарга Л.Өлзийнсайхан хэвлэлд өгсөн тодруулгаараа баталсан. 13.00 цаг орчимд гацсан техникийн саатлыг 15.00 цагт засаж янзалсан байв. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаан 15.00 цагаас хэвийн үргэлжилсэн. Тэгэхээр айхтар том саатал биш байсан нь тодорхой байгаа юм. Мөн Ц.Борхүүгийн утас ч үдээс хойш холбогдож ажил дээрээ иржээ.

Бид Ц.Борхүүтэй холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм. Ямартай ч хоёдугаар хэлэлцүүлэг дуустал УИХ-ын тамгын газрын хэвлэл болон техникийн алба шуурхай ажиллах үүрэг даалгавартай байгаа аж. Олон нийтийн зүгээс техникийн саатлаас болж гэмгүй ажилтныг хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлолыг сануулсаар байна.