АНУ болон түүний холбоотнуудад тусалж байсан Афганичуудаас Талибанчууд өшөө авахвий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаатай холбогдон БНСУ-ын засгийн газраас 391 Афган дүрвэгчийг өнөөдөр хүлээн авахаа мэдэгдлээ.
Эдгээр дүрвэгсэд БНСУ-ын Засгийн газрын үйл ажиллагаанд тусалж байсан ажилчид бөгөөд Солонгос улсад очсон даруйдаа Хойд Чунчон мужийн Жинчеон дахь Засгийн газрын сургалтын төвд байршина гэжээ. Тус газарт өмнө нь БНХАУ-ын Ухань хотоос ирсэн Ковидоос айсан олон зуун иргэд байрлаж байжээ.
БНСУ-ын гадаад хэргийн сайд Чой Жун Мун эн талаарх мэдэгдэлдээ, “380 гаруй Афган дүрвэгсдийг Инчоны олон улсын нисэх онгоцны буудал руу нисэх онгоцоор тээвэрлэнэ” гэж байсан ч Гадаад хэргийн яамнаас 391 болгож нэмэгдүүлсэн байна.
Мөн “Эдгээр хүмүүс манай улсын Элчин сайдын яаманд олон жил ажилласан бөгөөд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), түүнчлэн Афганистан дахь Солонгосын Засгийн газрын удирддаг эмнэлэг, ажил мэргэжлийн сургалтын төвд ажилласан" гэсэн байна. Дүрвэгсдийн дотор гэр бүлийн гишүүд, 100 гаруй хүүхэд багтсан аж.
Эдгээр дүрвэгсэд юун түрүүнд богино хугацааны C3 визний ангилалаар 90 хоног оршин суух ба дараагаар нь Солонгос улсад үргэлжлүүлэн оршин суух эсэх эсвэл гуравдагч орон руу явах хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийднэ гэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч энэхүү үйл явдалд хандан, “Манай Засгийн газар Афган дүрвэгсдийг нарийн бэлтгэлээр аюулгүй тээвэрлэж чадсан нь азтай хэрэг” гэсэн бол мөн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард иргэдээсээ хүмүүнлэгийн арга хэмжээнд хамтран ажиллахыг хүсэж, мөн энэхүү дүрвэгсдийг хүлээн авч байгаа нь ёс суртахууны хувьд цорын ганц боломжит сонголт байсан гэжээ.
Эх сурвалж: Korea Times