Паралимпийн алтан медалийн найдвар Дэлхийн аварга Э.Содномпилжээ ӨНӨӨДӨР өрсөлдөнө

2021-08-30 10:26

Э.Содномпилжээ эхний 245 кг-ын захиалгаа амжилттай өргөж Паралимпийн дээд амжилтыг тогтоолоо

"Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын өнөөдөр болох пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд хүчээ сорин өрсөлдөж буй Энхбаярын Содномпилжээ эхний захиалга 245 кг-ыг амжилттай өргөв. Ингэснээр паралимпийн шинэ рекордыг Монгол хүн тогтоолоо.  Түүний хоёр дахь захиалга 248 кг юм.

Түүний жинд хүчээ сорьж байгаа тамирчид бүгд эхний захиалгаа амжилттай өргөлөө.

Э.Содномпилжээ 2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ. Үүнээс гадна тэрбээр 2017 оны пара хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 2019 оны дэлхийн аваргаар 247 кг өргөж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байв. Мөн 2018 оны Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн амжилттай юм.

2021-08-30 07:47

Паралимпийн алтан медалийн найдвар Дэлхийн аварга Э.Содномпилжээ ӨНӨӨДӨР өрсөлдөнө

Өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпын наадам Японы Токио хотод паралимпийн наадмаар үргэлжилсээр байгаа билээ. Хэдий цар тахлын үе тохиосон ч дэлхий нийтийг нэгтгэж чадсан нь энэ удаагийн Олимпын наадам түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдэх нь гарцаагүй.

Тэгвэл Зуны олимпын XXXII наадамд манай улсын хувьд 1 мөнгө 3 хүрэл авсан бол энэ удаагийн паралимпийн наадамд “Рио-2016” паралимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээг пара пауэрлифтингийн төрөлд алтан медаль авна гэсэн хүлээлт ард олны дунд үүсээд байгаа билээ.

Тэрбээр өнөөдөр /2021.08.30/ өрсөлдөх бөгөөд 2016 оны Риогийн наадамд паралимпын анхны эрхийг авч байсан шилдэг тамирчин билээ.

Түүний хувьд 2009 оноос хойш пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж эхэлсэн ба дэлхийн олон олон рекордыг эвдэж, дэлхийн чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор багтаж чадсан чадварлаг тамирчин юм. 

Түүний амжилтуудаас:

  • 1985 оны наймдугаар сарын 24-нд Эрдэнэт хотод төрсөн
  • 2014 “инчён 2014” Азийн зуны паралимпийн наадамд хүрэл медаль
  • 2015 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний мөнгөн медальт
  • 2015 онд пара пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
  • 2016 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний мөнгөн медальт
  • 2016 “Рио 2016” зуны паралимпийн хүрэл медальт
  • 2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медальт
  • 2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын /европ тивийн/ тэмцээний алтан медальт
  • 2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт /107 кг-ийн жинд Ази тивийн дээд амжилт тогтоосон/
  • 2018 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медальт
  • 2018 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга /IPF/ шалгаруулах тэмцээний алтан медальт /105 кг-ийн жинд дэлхийн дээд амжилтыг 242,5 кг  болгож шинэчлэн тогтоосон.
  • 2018 оны пара пауэрлифтингийн Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт
  • 2018 онд “Жакарта 2018” Азийн зуны паралимпийн наадмын алтан медальт /107 кг-д 244 кг-ийг шахаж дэлхийн дээд амжилт, Азийн паралимпийн наадам болон ази тивийн дээд амжилтыг нэг дор 4 удаа шинэчлэг тогтоосон/
  • 2019 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медальт
  • 2019  оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын /IPF/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт
  • 2019 оны пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт
  • 2019 оны пауэрлифтингийн /IPF/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт
  • 2019 оны пауэрлифтингийн /IPF/ “Арнолд классик” тэмцээний мөнгөн медальт
  • 2019 оны наймдугаар сард дэлхийн дээд амжилтаар “ГИННЕС”-т бичигдсэн амжилтуудтай яваа тамирчин билээ.



Өнөөдөр үхэр өдөр

50 минутын өмнө